"ШАХМАЛ ТҮЛШЭЭР БИТГИЙ УЛС ТӨР ХИЙЖ, СААД БОЛООЧ ЭЭ"

2019-10-08


НЭМЭЛТ: 13:31 ЦАГ

Шахмал түлшний асуудлаар сэтгүүлчид мэдээлэл хийлээ. Чөлөөт сэтгүүлч, яруу найрагч н.Батхүү “Би 1986 оноос хойш гэр хороололд амьдарч байна. Шахмал түлш хийгдэхээс өмнө хувь компаниудын хийж байсан шахмал түлшийг ч мөн адил хэрэглэж үзсэн. Шахмал түлш шаталт, халалтын хувьд өөлөх зүйл байхгүй. Зуухаа сайн янзлахаас эхлээд хувь хүний хариуцлага чухал шүү дээ. Засгийн газрын зүгээс утааны эсрэг хийж байгаа хамгийн зөв зүйтэй ажлын нэг нь шахмал түлш.

Өнөөдөр хамгийн бага зардлаар хамгийн хурдан хугацаанд утаанаас салах шийдлийг гаргаж ирж байхад битгий саад болооч ээ. Шахмал түлш үр дүнгээ өгөөд, нутагшаад 1-2 жил болох юм бол асуудалгүй. Бид арай хэрэглэж дадаагүй байна. Үүнийг далимдуулж улс төр хийж, шахмал түлш рүү буруу чихэж байгаад харамсаж байна. Аль ч нам нь ялгаа байхгүй хэн нэгнийхээ хийсэн зөв зүйлийг улс төрд ашиглаж харлуулдгаа болимоор байна” гэв.

"Ноцтой мэдээ" сонины эрхлэгч Б.Галсансүх “Улс төрийн хүчнүүд бие биеийнхээ алдаан дээр дандаа тоглолт хийдэг. Монголчуудынхаа амь насан дээр дөрөөлж битгий улс төр хийгээч ээ. Сэтгүүлчид үүнийг захиалгатайгаар дэвэргэх шаардлагагүй. Бодит байдлыг л мэдээл” гэж онцоллоо.

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Шахмал түлшийг зуух руу хийгээд л болчихдог зүйл биш. Үнс нь их болсон үед дүүргээд хийж болохгүй. Гэтэл заавар олгоогүйгээс болж осол гарсан байна. Нийгэмд техникийн дэвшил, шинэ зүйл нэвтрэхэд осол гарч байдаг. Өнөөдөр бид шахмал түлшийг хэрэглэхээс өөр ямар ч арга байхгүй. Гол нь үүнийг хийх явцдаа алдаа гаргасан бол алдаагаа засах ёстой. Хэрэглэхдээ алдаа гаргасан бол мөн л алдаагаа засах ёстой. Өнөөдөр Монголын ард түмэнд хөгжихөөс өөр ямар ч арга зам байхгүй шүү. Хэрэв хөгжлийн нэгэн элемент болсон шахмал түлшийг хэрэгжүүлэхгүй бол нийт улс үндэстнээрээ мөхөх аюулд хүрсэн. Улаанбаатарын бүх хүн утаанд хордоод үхчих юм бол бид мөхөх нь ойлгомжтой” гэв.



Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан ярихдаа “Угаарын хий буюу CO түүхий нүүрс, мод, шахмал түлш, тамхи татах гээд олон эх үүсвэрээс үүсдэг. Гол шалтгаан нь хүчилтөрөгчийн хангамж сайтай орчинд шатаавал нүүрсхүчлийн хий ялгарах ёстой. Харин агаарын солилцоо багатай, хүчилтөрөгч хангалтгүйгээс дутуу шаталтаас үүдэн угаарын хий үүсдэг. Угаарын хий ямар ч түлшнээс үүснэ. Магадгүй цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн байх. Цаг агаарын хувьд одоо харьцангуй дулаан, салхигүй байгаа учраас иргэд гал түлэхдээ сайн дөл авалцаж, шатаагүй байхад нь галласнаас угаартсан байж болзошгүй. Шахмал түлшинд агуулагдаж буй цардуулыг ихэвчлэн ургамлаас гарган авдаг учраас хүний эрүүл мэндэд хортой зүйл байхгүй. “Тавантолгой түлш” компани байгуулагдаж, шахмал түлш үйлдвэрлэж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Манай хүрээлэнд “Сайжруулсан шахмал түлшний судалгаа, туршилт хийж өгөөч” гэж албан ёсоор хандсан зүйл байхгүй. Манай нэг лабораторид нүүрсний хими технологийн судалгаа хийдэг. Уг судалгаагаараа Монголын нүүрсний ордуудын бүхий л шинж чанар, хийн болон коксжуулсан түлшний туршилтын ажлыг хийнэ. Манай хүрээлэн дээр сайжруулсан шахмал түлшний үзүүлэлтүүдийг тодорхойлох бүрэн боломжтой.

Манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хувьд сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэхдээ ямар нэмэлт бодис хэрэглэдэг талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ ямарваа нэг химийн бодис үйлдвэрлэгч Хор аюулгүйн лавлах мэдээллийг зайлшгүй бүтээгдэхүүнээ дагалдуулж өгдөг. Тэгэхээр дэлхийн аль ч улс, үйлдвэрээс нэмэлт бодисоо авсан бол тэр лавлахыг заавал өгсөн байх ёстой. Энэ лавлах мэдээллийг үзвэл хортой элементүүд байна уу, шатахаараа ямар хий ялгаруулдаг, аюулгүй юу гэдгийг харах боломжтой. Дараагийн нэг чухал үзүүлэлт бол шахмал түлш шатах үедээ ямар хий гаргаж байгааг шинжлэх хэрэгтэй. Тэгснээр хүний биед хортой, хоргүй хий байна уу гэдгийг тогтоох боломжтой юм. Манай хүрээлэнгийн хувьд түлшнээс гарч буй хийг шинжлэхээс бусад туршилт судалгааг хийх боломжтой. Манай улсын химийн лабораториудад хий шинжилдэг багаж төхөөрөмж байхгүй. Манай хүрээлэнгээс АНУ-аас маш хямдхан үнээр түлшний хийг шинжлэн судлах багаж авахаар ярьж байгаа ч 80 сая төгрөгийн санхүүжилтгүйгээс авч чадахгүй байна” гэв.

                              “САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ БАГА БАГААР ТҮЛЭХ ХЭРЭГТЭЙ”



Тус хүрээлэнгийн нүүрсний лабораторийн эрхлэгч, доктор Ж.Нарангэрэл “Манай улсад шахмал түлшийг өмнө нь хийж, үйлдвэрлэж байсан. Энэ жилээс хэрэглэж эхлэх сайжруулсан шахмал түлшийг ч гэсэн маш туршлагатай хүмүүс хийж байгаа гэж бодож байна. Миний бодлоор иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэх аргаа л олохгүй байх шиг байна. Тэрнээс биш гадуур зарагдаж буй шахмал түлшний түүхий эд болох нүүрс, барьцалдуулж буй бодисоос болж иргэд угаартсан гэж бодохгүй байна. Иргэд нүүрс, шахмал түлшний алийг нь ч буруу түлж, дутуу шатаавал угаарын хий үүснэ. Гэр хорооллын иргэд маань өмнө нь түүхий нүүрс түлэхдээ хувин хувингаар хийдэг байсан. Өмнө нь хэрэглэж байсан Багануур, Шивээ-Овоо уурхайн түүхий нүүрс дэгдэмхий бодис ихтэй, шатахдаа амар, утаа тортог ихээр гаргадаг байсан. Харин сайжруулсан шахмал түлш нь дэгдэмхий бодис багатай учраас шатаж дуусаагүй байхад нь нэмж хийгээд байж болохгүй. Түүхий нүүрсэнд агуулагдаж буй байгалийн цацраг идэвхт бодисын судалгааг аль хэдийнэ хийсэн. Тэр судалгаагаар хүнд хор хөнөөлтэй зүйл байхгүй гэдгийг тогтоосон.

Ер нь шахмал түлшний холбогч материал гэхэд хэд хэдэн шаардлага тавьдаг. Нэгдүгээрт, сайн барьцуулж өгөх ёстой. Хоёрдугаарт, нүүрстэй хамт шатаж дуусах ёстой. Гуравт, үнэ хямд, хүний биед хоргүй байх ёстой юм. Манай улсад ашиглагдаж буй шахмал түлшний холбогч материал эдгээр шаардлагуудыг хангасан байх гэж бодож байна. Сайжруулсан шахмал түлшний илчлэгийн хувьд түүхий нүүрснээс хамаагүй өндөр учраас бага багаар түлэх ёстой. Ер нь шахмал түлшийг АНУ болон Европын орнууд хэрэглэж байсан. Тухайн үед АНУ гэхэд шахмал түлшээ нефтийн хүнд үлдэгдлээр барьцалдуулдаг байсан бол Европт нүүрсний давирхайн хүнд үлдэгдлээр барьцалдуулдаг байсан. Эдгээр нь нэлээд сайн барьцалдуулагч боловч хүнд маш хортой. Тиймээс ахуйн хэрэглээндээ хэрэглэхээ больсон түүхтэй. Одоо манай улсад шахмал түлшийг эрдэс бодис болох шаврын төрлийн бодисоор барьцалдуулж байгаа учраас хүний эрүүл мэндэд хоргүй гэж бодож байна" гэв.

А.СҮРЭН