ОНЦГОЙ КОМИСС: 118 иргэн хордлогын улмаас эмнэлэгт хандсан

2019-10-08


Нийслэлийн Онцгой комисс “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн байранд хуралдаж байна.

Хурлын эхэнд Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан “Сайжруулсан түлшийг үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн байранд Онцгой комиссын хурлыг хуралдуулж байна. Иргэд угаартаж, амиа алдсантай холбоотойгоор тодорхой шийдвэр гаргах, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах асуудлаар Онцгой комисс энд хуралдаж байгаа юм. Сайжруулсан түлштэй холбоотой зарим эргэлзээтэй асуудлуудыг тайлах ёстой. Иргэдийн амь нас, эрүүл мэндийг цаашид эрсдэлгүй байлгах талаасаа арга хэмжээ авч ажиллах ёстой" гэв.

Үүний дараа үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн Онцгой комиссын гишүүдийн ирц 82 хувьтай байна. Эхний асуудлыг танилцуулъя. Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт угаартаж хүн амиа алдсантай холбоотойгоор Онцгой комисс хоёр удаа хуралдаж, шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.  Нийслэлийн Засаг дарга онцгой дэглэм тогтоох тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу Онцгой комиссын Штаб ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ сарын 5-ны шөнө сайжруулсан түлш борлуулж буй 15 цэгээс 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газар,  Гаалийн ерөнхий газар, Геологийн төв лаборатори гэсэн гурван байгууллагын лабораторид шинжилгээний дээжийг өгсөн. Өчигдөр хариу гарч та бүхэнд бодит мэдээллийг хүргэсэн. Мөн гадаад орнуудад итгэмжлэгдсэн лабораторид шахмал түлшний дээжийг хүргүүлсэн. Одоогоор БНСУ, БНХАУ-д хүргүүлээд байна. Мөн ОХУ, Японд хүргүүлэхээр ажиллаж байна. Дээрх хариуг ирэхээр цаг тухай бүрт нь танилцуулна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу өчигдрөөс Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нийт иргэдэд нэг бүрчлэн зөвлөмж хүргүүлэх ажлыг эхлүүлээд байна.  

Дуудлага мэдээллийн тухайд гэвэл одоогийн байдлаар нийт 118 иргэн утааны хордлогын талаар эмнэлгийн байгууллагад хандаж, 110 иргэн эмнэлгийн үйлчилгээ авч, хэвийн байдалдаа орсон. Өнөөдрийн байдлаар найман иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж авч байна. Нэг иргэний биеийн байдал муу байна” гэлээ.

Нийслэлийн Онцгой комиссын хурал үргэлжилж байна.

ШУУД ҮЗЭХ

Шууд: Нийслэлийн онцгой комисс Таван толгойн түлшний асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by Zindaa.mn on Monday, October 7, 2019