Түлшний барьцалдуулагч бодис муу бол угаар ялгаруулдаг

2019-10-08
Доктор Ж.Нарангэрэл

НЭГ СЭДВЭЭР - ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ
 
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан, тус хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор Ж.Нарангэрэл нартай ярилцлаа. Энэ жил Засгийн газраас нийслэл дэх түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хориглож, сайжруулсан түлшийг айл өрхүүдийн хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Харамсалтай нь, өнгөрсөн хэдхэн хоногт олон арван хүн гэртээ угаартаж, дөрвөн хүн нас барсан эмгэнэлт явдал гарлаа. Том дарга нарын хэмжээнд ажлын хэсэг байгуулагдаж, талийгаачдын үхлийн шалтгааныг тогтоохоор лабораторийн эхний дүгнэлтээ танилцуулаад байна. Сайжруулсан түлшинд ямар ч асуудал байхгүй, иргэд буруу галласны улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэдэг ерөнхий дүгнэлт гарсан. Харин хордсон иргэд яг ямар зууханд ямар хэмжээгээр галласан, юуны учир ийм өндөр хордлогод оров зэрэг асуулт тодорхой хариултгүй үлдэв. Тиймээс олон нийтийн дунд сайжруулсан түлш эрдэнэт хүрдэг аюултай зүйл мэт ойлголт хөвөрсөөр байгаа юм. Иймд бид мэргэжлийн судлаачдын хөндлөнгийн байр суурийг  нэмэлт хачиргүйгээр хүргэхийг зорилоо. 

-Сүүлийн хэд хоногт гэртээ угаартсан эмгэнэлт явдал ар араасаа гарлаа. Үүнтэй холбоотойгоор нийгэмд олон талын үнэн худал таамаг, мэдээлэл ч олширлоо. Эрдэнэт хүний амь юунаас ч үнэтэй. Та бүхнээс мэргэжлийн түвшинд мэдээлэл авахыг хүсч байна. Эхний ээлжид манайд айл өрхүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрс, сайжруулсан түлш  хоёрын ялгаа юу вэ. Бүтцийн хувьд юугаараа ялгаатай зэргээс ярицлагаа эхлэе?

Л.Ж: -Нүүрс өөрөө нүүрстөрөгч гэдэг шатаж дулаан ялгаруулдаг элементээс бүрддэг. Шатдаггүй хэсэг нь үнс болж үлддэг. Тавантолгой коксжих нүүрс илүү илчлэгтэй, үнс багатай. Налайх, Багануурын чулуун нүүрс хог хаягдал ихтэй, илчлэг бага байдаг. 
Ж.Н: -Нүүрс дотроо насжилтын хувьд олон янз. Насжилт залуу ангилалд Багануур, Шивээ-Овоогийн нүүрс ордог. Ийм төрлийн нүүрсийг түлшинд ашиглахад дутагдал их. Чийг, утаа тортог ихтэй. Коксжих нүүрс бол шатаахад арай илүү тохиромжтой. Чийг, утаа тортог багатайд тооцогддог. Хамгийн сайн чанарынх нь антрацит нүүрс. Антрацит нүүрсний нөөц Монголд харьцангуй бага. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, Тавантолгойн нүүрсийг ашиглан шахмал түлш гарган авч байгаа зөв зүйтэй гэж боддог. 

-Сайжруулсан түлшийг энгийн нүүрснээс гурав дахин удаан шатдаг гэж сурталчилж байгаа. Энэ нь өөрөө иргэд хордох шалтгаан болчихсон юм биш биз гэдэг асуулт гараад байна?   

Л.Ж: -Тавантолгойн нүүрс Багануур, Налайхын нүүрстэй харьцуулахад илчлэг өндөртэй. Дээр нь нэмэлт барьцалдуулагч хийсэн учраас удаан шатах боломжтой. Тэгэхээр хэрэглэдэг нүүрсний хэмжээ буурах ёстой. Нэг өрх жилдээ таван тонн нүүрс хэрэглэдэг байсан бол 2-3 тонн болж буурах боломж бий. Илч сайтай байна гэдэг дулаан их гаргаж, шахаж барьцалдуулна гэдэг нь удаан цогшиж шатна гэсэн үг.

-Одоо хэрэглэж буй шахмал түлшний 95 хувь нүүрс, 2.5 хувь нь импортын барьцалдуулагч бодис, тэгээд угаарыг нь дарах шохой агуулагдаж байгаа гэх мэдээллийг албанынхан өгсөн. Энэ орц найрлагаас харвал, хүний биед хортой зүйл байна уу?

Ж.Н: -Манайхан олон жил нүүрс түүхийгээр нь түлсэн. Түүхий нүүрсийг их хэмжээгээр нь зууханд хийдэг. Дэгдэмхий бодис  буюу утаа тортог маш хурдан ялгардаг. Тэгвэл сайжруулсан түлшний гол сурталчилгаа бол бага хэрэглэнэ, илчлэг өндөртэй гэж байгаа шүү дээ. Гол шалтгаан нь буруу түлсэнд байгаа болов уу. Түүнээс биш зуух, барьцалдуулагч бодистоо биш байх аа.   

-Сайжруулсан түлшний угаарын нүдэнд үзэгддэггүй. Түүхий нүүрснийх тортог ихтэй учраас огцом мэддэг гэж нэг эрдэмтэн ярьсан байна лээ. Энэ нь эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг болгоомж алдахад нөлөөлөв үү?

Л.Ж: -Угаарын хий өөрөө үнэргүй, өнгөгүй. Түлшинд шохой нэмэлтээр хийж байна гэдэг нь хүхэрлэг хийг дарахын тулд юм. Хүхэрлэг хий агаарт тархвал өмхий үнэр үнэртдэг. 
Ж.Н: -Энгийнээр бодоход, Багануурын нүүрс дэгдэмхий бодис ихтэй. Дэгдэмхий бодис гэдэг бол дутуу шатаад агаарт гарч буй нүүрсний тортог. Шахмал түлшийг гадаад орнуудад хэрэглэсээр ирсэн. Ма­найд харьцангуй шинэ зүйл болоод байна. Нүүрсэндээ асуудал байхгүй гэдэг нь ойлгомж­той. Барьцалдуулагч бодист ч асуудал байхгүй гэж бодож байна. Олон улсад хэрэглэдэг барьцалдуулагч хэрэглэж байгаа болов уу.

Доктор Л.Жаргалсайхан

-Барьцалдуулагч муу байвал, шахмал түлш шаталтын явцад үүрч нунтаг болох боломжтой юу?

Л.Ж: -Барьцалдуулагч муу бол үүрэх магадлалтай. Шатаагүй байхад ч үүрнэ.  
Ж.Н: -Барьцалдуулагчид тавих олон шаардлага байдаг. Нэгдүгээрт, маш хурдан барьцалдуулах ёстой. Хоёрт,  шаталтын явцад нүүрстэйгээ хамт алга болох ёстой. Түүнээс биш ууршиж болохгүй. Гуравдугаарт, үнэ нь хямд байх ёстой. Дөрөвдүгээрт, хүний биед хоргүй байх ёстой.

-Одоогийн түлшинд агуу­лагдаж буй барьцал­дуулагчийн хэмжээ нь 2.5 хувь гэж байна. Энэ боломжит хэмжээ юу. Үүнийг нэмж болох уу?

Ж.Н: -Шавраар барьцалдуулагч хийхэд, 30 хүртэл хувиар хийж болно. 2.5 гэдэг бол харьцангуй бага үзүүлэлт. Өмнө манайд ажиллаж байсан шахмал түлшний үйлдвэрүүд бүгд шавар барьцалдуулагч хэрэглэж ирсэн. Дээр үед хортой барьцалдуулагч хэрэглэдэг байсан юм. Нүүрсний давирхай, газрын тосны нэрлэгийн үлдэгдэл бол сайн барьцалдуулагч байсан. Эдгээрийг хортой барьцалдуулагчийг одоо хаана ч хэрэглэдэггүй. 
Л.Ж: -Барьцалдуулагч хоёр төрөл бий. Нүүрстэй хамт шатдаг органик барьцалдуулагч байдаг. Нөгөөх нь шатдаггүй. Телевизээр ярьж буйгаар бол сайжруулсан түлшинд крахмал, бентонит хэрэглэсэн гэсэн. Бентонит бол шавар шатдаггүй барьцалдуулагч. Дээр нь шохой бас шатдаггүй. Крахмал бол шатдаг. Ямар нэгэн хоргүй бодис. Бүр өөр бодис холиогүй л бол хүн хордох нөхцөл онолын хувьд байхгүй. Шавар барьцалдуулагчийг их хэмжээгээр хийвэл, нүүрсний илчлэг төдий чинээгээр буурна.   

-БНХАУ-аас хямд үнээр импортолсон барьцалдуулагч бодист асуудал байна гэх яриа ч гарах болсон байна. Ийм асуудал байх боломжтой юу? 

Л.Ж: -Аливаа импортын бодисыг Хор аюулын лавлах мэдээлэл дагалдаж орж ирж байгаа. Ямар бодис, ямар хэмжээгээр агуулсан. Хаанахын ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн Хор аюулын лавлах мэдээллээс нь харчихаж болно. Үнэхээр шахмал түлшинд хүн хордсон бол шатаад утааг шинжлэхэд бүх мэдээлэл нь гараад ирнэ.  

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр сайжруулсан түлш Багануурын нүүрснээс 2.5 дахин их илчлэгтэй, тоосонцрын хэмжээ нь 27 дахин бага, угаар нь дөрөв дахин бага гэж байсан. Судлаачийн байр сууринаас хариулахад, энэ чанар ангилалд нийцэх болов уу?

Ж.Н: -Яг өөрөө шинжлээгүй болохоор дөхөх болов уу гэж бодож байна. 

-Зарим эрдэмтний зүгээс коксждог нүүрсийг зөвхөн хүнд үйлдвэрт ашигладаг. Ахуйн хэрэглээнд ашиглах ямар ч боломжгүй гэдэг тайлбарыг хийсэн байна лээ. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

Ж.Н: -Сайжруулсан түлш бол баяжуулсан бүтээгдэхүүн байх ёстой. Баяжуулах үйл явц гэдэг бол үнс багатай хэсгийг нь ялгах авч байна гэсэн үг. Ийм түлш коксны үйлдвэртэй тохиромжгүй.  
Л.Ж: -Коксжих нүүрс өндөр дулаан ялгаруулдаг. Энгийн зууханд түлэхэд, зуух нь уян хатан болж өөрчлөгдөж болно. Түүнээс биш хортой бодис ялгарна гэсэн ойлголт байхгүй. 

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд коксжих нүүрс зөөн хэрэглэж байгаа. Энэ төрлийн нүүрсийг ахуйн хэрэглээнд хэрэглэх нь хэр зохимжтой вэ? 

Ж.Н: -Манай хүрээлэнгийн зүгээс одоо үйлдвэрлэн нэвтрүүлээд байгаа шахмал түлшинд ямар нэгэн шинж чанарын судалгаа хийж байгаагүй. Шахмал түлшний хувьд боловсруулан ялгаад, ангилж байгаа байх. Үүрмэг биш барьцалдуулан гаргаж байгаа болохоор хаягдал, тортог бага гэж харж байна.

-Ийм төрлийн түлшийг буруу түлнэ гэж яахыг хэлэх вэ. Зуухандаа дүүртэл нь коксжих нүүрс хийвэл тэлдэг гэх мэт яриа байна?

Ж.Н:  -Миний төсөөлж буйгаар зуухаа галлахдаа их хэмжээгээр хийчихсэн болов уу. Түүхий нүүрстэй харьцуулахад хурдан шатдаггүй, удаан цогшдог түлш. Түүнээсээ шалтгаалаад дутуу шатсан нь нөлөөлсөн болов уу.
Л.Ж: -Угаарын хийн эх үүсвэр маш олон. Мод шатаах, тамхи татахад хүртэл угаарын хий үүсэх магадлалтай. Хүчилтөрөгч их байж шаталт явагддаг. Зууханд хүчилтөрөгч хангалтгүй байвал бүрэн шаталт явагдахгүй гэсэн үг. Хэрвээ хүчил төрөгч хангалттай байсан бол бүрэн шатах байсан болов уу. Сүүлийн хэд хоног гадаа харьцангуй дулаан байна. Энэ нь ч нөлөөлөх боломжтой. Тиймээс агаар сэлгэлт нөлөөлсөн байж болзошгүй. 

-Сайжруулсан түлшийг анх туршихад, энгийн нүүрснээс их үнс гарч байна гэдэг шүүмжлэл явсан. Үнс илүү гарахаар зуухны агаар сэлгэлтийг бууруулна. Яг коксжих нүүрсээр хийсэн шахмал түлшнээс их үнс гарах уу?  

Ж.Н: -Одоо ашиглаж буй түлшинд нүүрсний үнс хэдэн хувь байгааг хэлж мэдэхгүй.  Яг 95 хувийн нүүрсний агууламжтай бол үнс тийм ч их гарахгүй л дээ. Урьд нь Багануурын нүүрсийг барьцалдуулагч шавартай хольж шахмал түлш гаргаж авч байсан туршлага бий. Тэр үед 20-30 хүртэл барьцалдуулагч шавар хольдог байсан. Тэгэхэд бараг 50 хувь нь үнс болдог. 
Л.Ж: -Ер нь бол шинжилгээгээр л тогтоох хэрэгтэй. Тухайлбал, манай хүрээлэнгийн лаборатори тэр төрлийн шинжилгээг бүгдийг нь хийх боломжтой.

-Сайжруулсан түлшийг анх нэвтрүүлэхэд болон сая ингэж олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохироход танай лабораторид шинжилгээ хийлгээгүй гэж үү?

Л.Ж: -Манайд одоогоор хандаагүй л байна. 

-Сайжруулсан түлш нэвтрүүлэх асуудал бол олон жилийн яриа, ажил шүү дээ. Танай хүрээлэн дээр энэ чиглэлээр хийсэн судалгааны ажил, туршсан тохиолдол байна уу?

Ж.Н: -Дулааны аргаар нүүрсийг хувиралд оруулж, барьцалдуулагч бодистой холиод сайн чанарын утаагүй түлш гаргах туршилтууд хийж байсан. Уг нь утаагүй түлш хийхийн тулд хагас коксжуулах үйл явцыг хийх ёстой. Энэ нь 500-700 хэмд нүүрсийг халааж, угаар дэгдэмхий бодис гаргадаг бодисуудыг нь ялгадаг технологи. Гэхдээ зардал өндөртэй.   

-Гаднын оронд шахмал түлшээр утааг бууруулсан тохиолдолд байдаг уу. Аль оронд яаж ашиглаж байгаа вэ?

Ж.Н: -Шахмал түлшийг ядуу буурай орнууд л ашиглаж байгаа шүү дээ. Хөгжингүй орнууд байгалийн хийнд шилжчихсэн. Хүрэн нүүрсийг халууны аргаар шатааж ашигладаг өндөр технологиор Германд 20 жилийн өмнө сайжруулсан түлш хэрэглэдэг байсан.