Шахмал түлш нэвтэрснээр агаарын бохирдол буурсан уу?

2019-10-25


Монгол Улс агаарын бохирдолтойгоо төрөл бүрийн аргаар тэмцэж ирсэн байдаг. Тухайлбал, 2016 онд хот руу шилжих хөдөлгөөнийг хориглож, 2017 онд шөнийн цахилгааныг хөнгөлж, 2019 оны тавдугаар сараас шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэв. Үр дүнг тооцоход эрт байгаа ч өдөр тутмын агаарын чанарын индексийг харьцуулан үзэх боломж бидэнд бий. Гэхдээ судалгаагаар өглөө 07:00 цагаас 12:00 цаг хүртэл, орой 17:00 цагаас 22:00 цаг хүртэл агаарын бохирдол хэт өндөр болдог байна.

2019 оны аравдугаар сарын 14-20-ны өдрүүдийн агаарын чанарын индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад РМ10 тоосонцрын агууламж 13 нэгжээр, РМ2.5 тоосонцрын агууламж 8 нэгжээр буурсан бол стандартаас давсан үзүүлэлтийн тоо дээрх хоёр үзүүлэлтээр 30 орчим хувиар буурсан байна.



ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ БА ОЙЛГОЛТ

Шахмал түлшний хэрэглээний асуудлаар Улаанбаатар хотын агаарын чанарын нэг, хоёрдугаар бүсэд багтаж буй таван дүүргийн 36 хороонд төрийн бус байгууллагууд судалгаа хийсэн байна. Судалгаанд 946 айл, 36 аж ахуйн нэгж, 33 түлш борлуулагч хамрагдсан бөгөөд аравдугаар сарын 15-ны байдлаар шахмал түлш хэрэгцээг бүрэн хангаж байна гэж иргэдийн 37 хувь нь хариулжээ. Харин 20 хувь нь бусад түлштэй холих шаардлагатай, 17 хувь нь ерөөсөө хэрэгцээ хангадаггүй гэсэн байна. Үлдсэн иргэд нь мод түлж байгаа аж. Галлагааны хэрэгслүүдийн хувьд 40 хувь нь төслийн зуухтай бол ердийн зуух 15 хувь, ханан пийшин, нам даралтын зуух 33 хувийг эзэлж байна. Зуухны асуудлаас үүдэн шахмал түлшийг зуухны төрөл бүрд тохирсон байдлаар тусгайлан үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг иргэд хүссэн байна. Ингэснээр угаартах эрсдэлээс ангижрах боломжтой гэжээ. Учир нь гэр хорооллын зарим айл шахмал түлшийг хэрэглэхээс айсандаа цахилгаан халаагуураар халаалтаа шийдэж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 75 хувь нь хувийн хашаа байшиндаа амьдарч байсан бол 25 хувь нь түрээсээр болон айлын хашаанд амьдарч байв. Айл өрхийн 60 хувь нь байшинтай, 40 хувь нь гэрт амьдардаг. Иргэдийн 50 орчим хувь нь хүйтний улиралд нүүрсээ бөөнөөр нь худалдаж авч хэвшжээ. Шахмал түлшийг ч мөн нэг дор бөөнөөр нь авах сонирхолтой гэнэ. Тэгэхээр шахмал түлшний үйлдвэрүүд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Харин аж ахуйн нэгжүүд шахмал түлшний хэрэглээнд бэлэн бус байгаагаа нуугаагүй аж. Зарим аж ахуйн нэгж жилд 130 тонн хүртэл нүүрс хэрэглэдэг, тухайн орчимдоо хамгийн их утаа ялгаруулагчаар нэрлэгддэг байна. Учир нь аж ахуйн нэгжүүд санхүүгийн боломжтойд тооцогддог. Тэгвэл шахмал түлш борлуулагчдын хувьд аравдугаар сарын 15-ны байдлаар 33 борлуулагчаас дөнгөж тав нь гэрээгээ байгуулсан байв. Эндээс шахмал түлшний түгээлтийн зохион байгуулалт сул, эрсдэлд орж болзошгүй нь харагдана. 

* * *

                                   ГАДААД ОРЧНЫ БОХИРДОЛ ДОТООД ОРЧИНД ШУУД НӨЛӨӨЛДӨГ



Гадаад орчин дахь агаарын бохирдол нэмэгдэх тусам дотоод орчин дахь агаарын бохирдол нэмэгддэг ажээ. Гадаад орчны PM2.5 тоосонцрын хэмжээ 1 ug/m3-ээр нэмэгдэх тутам дотоод орчны PM2.5-ийн хэмжээ 1.13 ug/m3-ээр нэмэгддэг юм байна. Тиймээс дотоод орчны агаарын чанарт ч анхаарах учиртайг мэргэжилтнүүд хэлж байна. Ялангуяа гэр хорооллын айлуудын дотоод орчны агаарын чанар нь стандартаас 25 дахин их байхад онцгой анхаарах учиртай. Иймд гэр, сууцаа дулаалах, агааржуулалт сайжруулах, агаар шүүгч ашиглах зэргээр дотоод орчин дахь агаарын бохирдлоос хамгаалахыг зөвлөж байв. Дотоод орчны агаарын бохирдол 09:00 цагаас 14:00 цагийн хооронд хамгийн өндөр байдаг аж.

Өвлийн саруудад дотоод орчны агаарын чанарын индекс сургуулийн дотоод орчинд 2.8, эмнэлэгт 1.5, хороодын байранд 3.5 дахин их гарчээ. Дотоод орчны агаарын бохирдолд ажил, гэр болон таны орсон бүх орчин хамаарна. Дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл, ажил таслалттай шууд хамааралтай гэдэг тул хэн бүхэнд хамаатай асуудал юм. Тэгээд ч бид амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг амьдралын хэвшилтэй нөхцөлд дээд зэргээр анхаарах учиртай юм.