Хотын Ерөнхий менежерийн нэрэмжит штабын дадлага сургуулилт эхэллээ

2020-10-08





Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг, штабын дадлага сургуулилт зохион байгуулахтай холбоотойгоор инженерийн хангамжийн мэргэжлийн байгууламжуудтай өнгөрөгч Лхагва гарагт өргөтгөсөн хурал зохион байгуулсан бөгөөд Өвөлжилтийн бэлтгэл ажлын тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэж, энэ жилийн штабын дадлага сургуулилтыг Орон сууцны хорооллуудад гарч буй горим тохируулгатай холбоотой зөрчил дутагдлыг засах хүрээнд онцлогтой зохион байгуулах талаар танилцуулсан байна

Штабын дадлагын үед Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан горим ажиллагаа доголдож буй ус дулаан дамжуулах төвүүд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн Хөгжлийн төв, Орон сууц, нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоодын ус дулаан дамжуулах төв, 2 дугаар хэлхээний горим тохируулга болон нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил, нөөцийн бүрдүүлэлтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулна. 

2020 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20 хүртэл 14 хоногийн туршид Ус, дулаан хангамжийн шугам сүлжээнд технологийн горим зөрчигдөж осол гарахаас урьдчилан сэргийлэх, аваар саатлын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах юм. 

Нийслэлийн инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, гарч болзошгүй аваар, саатлын үед техник хангамж, нөөцийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлэх штабын дадлагын дүнг тухайн үйл ажиллагаа дууссан өдрөөс 1 хоногийн дараа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад илтгэх хуудсаар танилцуулна.

Хуралд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн Хөгжлийн төв ТББ, Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо ТББ, Гэрэлтүүлэг хариуцсан 12 компанийн удирдлагууд оролцжээ.