2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах штабын дадлагын ажлын явц

2020-10-14

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан “2020-2021” оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах штабын дадлагын удирдамжийн хүрээнд 4 дүгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, “Имформатик” ХХК, “Хотын хөгжлийг дэмжих зөвлөлүүдийн холбоо” ТББ-ууд хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн 6 дүүргийн гэрэлтүүлгийн компаниудыг хамруулан өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах штабын дадлагыг зохион байгуулж байна. 

4 дүгээр ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай болон гэр хороолол, орон сууц хариуцсан 13 компаниудыг 2 хэсэгт хуваарилан 7 шалгуур үзүүлэлтээр үнэлэхээр төлөвлөсөн.

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг “Холбоо трейд” ХХК, Баянгол дүүрэг “Хайрхан наран трейд” ХХК, Чингэлтэй дүүрэг “Соёндрийм” ХХК, Сүхбаатар дүүрэг “Special team up” ХХК, Сонгинохайрхан дүүрэг “Филипс гэрэлтүүлэг” ХХК, Хан-Уул дүүрэг “Новельнэтворк” ХХК гэсэн 6 компаний өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдалд хяналт, шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 7 шалгуур үзүүлэлтээр үнэлж ажиллалаа.


Хяналт шалгалтаар “Баянзүрх дүүрэг “Холбоо трейд” ХХК, Хан-Уул дүүрэг “Новельнэтворк” ХХК, Сүхбаатар дүүрэг “Special team up” ХХК, Чингэлтэй дүүрэг “Соёндрийм” ХХК-иуд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, нөөцийн бүрдүүлэлт сайтай, албан хэрэг хөтлөлтийн бичиг баримт бүрдүүлэлт бүрэн байсан. Харин Сонгинохайрхан дүүрэг “Филипс гэрэлтүүлэг” ХХК, Баянгол дүүрэг “Хайрхан наран трейд” ХХК-иуд нь бэлтгэлгүй, албан хэрэг хөтлөлтийн бичиг баримт бүрдүүлэлт хангалтгүй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн бүртгэл дутуу, хөдөлмөр хамгааллын журам байхгүй байсан.



Баянзүрх дүүрэг “Холбоо трейд” ХХК, Сүхбаатар дүүрэг “Special team up” ХХК-иуд өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан гэрэлтүүлгийн толгой засварын ажлыг гүйцэтгэх стендыг угсран ажиллаж байгаа нь сайшаалтай байна.



Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үргэлжлүүлэн Баянзүрх дүүрэг “Бажамандал” ХХК, Баянгол дүүрэг “Төгс гэрэлтүүлэг” ХХК, Чингэлтэй дүүрэг “Энержи комплекс” ХХК, Сүхбаатар дүүрэг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК, “Би Эм Жи Эл” ХХК, Сонгинохайрхан дүүрэг “Цацрах хангай” ХХК, “Их хотын гэрэл” ХХК-ниудын өвөлжилтийн бэлтгэл ажил, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдалд хяналт, шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.