Хот хооронд зорчих иргэдийн түгээмэл асуултад УОК-оос хариуллаа

2021-03-02

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор УОК-т дараах асуултуудыг иргэд олноор ирүүлжээ.
1. PCR/ПГУ шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэрийг ямар үндэслэлээр гаргасан бэ?
- ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПГУ /полимролын гинжин урвал/ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Хүний биед коронавирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэж, шинжилгээнд илрэх боломжтой учраас дээрх хугацааг тогтоосон.
2. Шинжилгээний хариу хүчинтэй байх 72 цагийн хугацаа хөдөө орон нутаг руу зорчиж байх үед дуусвал яах вэ?
- Иргэд орон нутаг руу зорчихоосоо өмнө ПГУ шинжилгээ өгөөд, хариугаа гарсны дараа хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ базааж, замдаа зогсохгүй, иргэдтэй харилцахгүй явахыг хичээх хэрэгтэй. Иймд зорьсон газраа очсон хойно шинжилгээний хариуны 72 цаг өнгөрсөн ч хүчинтэйд тооцно.
3. Орон нутаг руу гэр бүлээрээ зорчиж буй иргэд бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?
- Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПГУ шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүнээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол шинжилгээ өгсөн байхыг шаардана.
4. Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?
- Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр явж буй зорчигчийн нэгэн адил ПГУ шинжилгээ өгсөн байх ёстой. Өнөөдрөөс орон нутгийн нислэг үйлдэнэ. Харин гуравдугаар сарын 3-наас хот хоорондын нийтийн тээвэр хэвийн горимд үйлчилж эхэлнэ.
5. Хотоос орон нутагт очсон иргэд очоод тусгаарлагдах уу?
- Тухайн орон нутгийн байнгын оршин суугч Улаанбаатараас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана. Учир нь нууц үеийн хугацааг ийнхүү тооцож буй.
6. ПГУ шинжилгээг төлбөртэй авч байгаа юу?
- УОК, НОК- ын шийдвэрийн дагуу ажиллаж буй цэгүүдэд үнэ, төлбөргүй авна
7. ПГУ шинжилгээний хариуг хүчин төгөлдөрт тооцох 72 цагийг яаж тоолох вэ?
- Шинжилгээний хариу гарсан тухайн өдөр, цагаас эхлэн 72 цагийн хугацааг тоолно.


Эх сурвалж:Монцэма мэдээллийн агентлаг