“Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн эхэллээ

2021-06-02
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг 05.31-ны өдрөөс эхлүүллээ.
Уг аян энэ оны 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр, Хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны нээлтийн өдөр, ХДХВ/ДОХ-ийн эсрэг олон улсын өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа ажээ. Энэ үеэр аяны хүрээнд ХДХВ/ДОХ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон ажлыг зохион байгуулах юм.Энэ талаар ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж өнөөдөр мэдээлэхдээ, төрийн болон хувийн хэвшил, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөдөлгөөнд нэгдэхийг уриалаа.
ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг 2021 он гарснаас хойш тус газраас хэрэгжүүлсэн ажлыг танилцуулав. Тус газраас 21 аймаг 9 дүүрэгт хүүхэд хамгаалах мэргэжлийн анги байгуулсан байна. Тэдгээр нь цар тахлын энэ үед хүүхэд хамгаалах ажлыг мэргэжлийн арга удирдлагаар хангах зэрэг бусад дэмжлэгийг үзүүлэх юм. Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг “Хүүхдийн баярыг” “COVID-19” цар тахлын үед цахимаар тэмдэглэж, “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг онцолсон юм.Анх 1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”-аас уриалан, жил бүрийн зургадугаар сарын 1-нийг “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” гэж зарласнаас хойш, эдүгээ 96 дахь удаагаа тэмдэглэж байна. Монгол Улс 1952 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн бүх нийтээр тэмдэглэх болсноос хойш 69 дэх жилийг угтаж байна. Монгол улсын хүн ам 2020 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.4 сая болж, өмнөх оноос 1.8 хувиар өссөн. Нийт хүн амын 38,6 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүнээс хагас өнчин хүүхэд 33 649, бүтэн өнчин 3116 байна. Түүнчлэн асрамж, халамжийн 32 төвд нийт 1069, хөгжлийн бэрхшээлтэй 10 291 хүүхэд байна. Нийт хүн амын 66,7 хувь нь Улаанбаатарт, 33,3 хувь нь орон нутагт аж төрж байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС