"Халдвар авсан хүмүүст найман сарын хугацаанд дархлаа тогтоно"

2021-06-08
Дотоодын халдварын тархалт сүүлийн хоногуудад өдөр бүр 1000-аас дээш тохиолдол бүртгэгдэж, найман настай хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Тиймээс Монгол улсад Covid-19 халдварын ямар төрлийн мутаци илэрч хүн амын дунд тархаж буй  болон ХӨСҮТ-аас Covid-19-ийн онцлогийг хэрхэн судалж, шинжилж байгаа талаар ХӨСҮТ-ийн судлаач, Анагаах ухааны доктор Г.Цогзолмаатай ярилцлаа.
-Covid-19 халдвартай холбоотой тандалт, судалгааны ямар ажлыг ХӨСҮТ-ээс хийж байна вэ. Мутацид орсон хэлбэр дээр түлхүү анхаарч байгаа гэсэн үү?
-ХӨСҮТ Covid-19 халдвар Монголд зөөвөрлөгдөн орж ирснээс хойш тандалт, судалгааны олон ажлыг хийж байна. Одоогоор вакцины дархлаа, хүндээр өвчлөгчдийн эмнэл зүй, вирусийн мутаци, халдварын тархалттай холбоотой олон судалгааны ажил хийж байгаа. Вирусийн мутаци илрүүлэх судалгааг Монголд хийж эхлэхээр бэлтгэж байна.
-Монгол Улсад мутацилагдсан хэлбэр үүссэн гэдэг нь үнэн үү. Япон улс руу 20-иод сорьц шинжилгээнд хамруулахаар явуулсан тухай мэдээлж байсан. Энэ судалгааны ажлын үр дүн юу гэж гарсан юм бэ?
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лабораторийн гурван эрдэмтэн судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, Монгол Улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийсэн. Ингэхдээ халдвартай нь батлагдсан, цаг хугацааны хувьд өөр, өөр сорьцыг авч явсан. Эдгээр сорьцыг шинжлэхэд цаг хугацааны явцад вирус өөрчлөгдөж байгаа нь ажиглагдсан.
Мөн судалгааны дүнгээр анхаарал татахуйц хоёр төрлийн мутаци илэрсэн. Нэг нь тархалтыг нэмэгдүүлдэг. Хоёр дахь нь өвчний хүндрэлд нөлөөлдөг байх боломжтой төрлийн мутаци илэрсэн. Гэхдээ судалгааны ажлыг цааш үргэлжлүүлж байгаа учраас хор уршигтай гэж шууд хэлэх боломжгүй.
-Хүнээс хүнд халдвар тархахад мутацид орсон хэлбэр тодорхой хувийг эзэлбэл Монгол Улс халдварыг тогтоон барих боломжтой юу. Мутацилагдсан хэлбэр тархалтад хэр их нөлөөлж байна вэ?
-Вирусийн өөрийн онцлог нь хүнээс хүнд дамжих явцдаа байнгын мутаци буюу өөрчлөлтөд орж байдаг. Гэхдээ энэ болгон вирусийн шинж чанарт нөлөөлдөг гэсэн үг биш юм. SARS-CoV-2 вирусийн хувьд, хэдэн мянган мутацит өөрчлөлт бүртгэгдээд байгаа ч эдгээрийн маш бага хувийг эзлэх өөрчлөлт нь тогтвортойгоор тархаж вирусийн шинж чанарт нөлөөлж байна. Одоогоор дэлхийд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дөрвөн төрлийн мутацит хувилбар тархаад байгаа бөгөөд эдгээр хувилбарын халдварлах чадвар өндөр учир маш хурдан давамгайлан тархаж байгаа. Энэ хувилбарууд нь тархалтыг нэмэгдүүлэх, өвчний эмнэл зүйн хүндрэл үүсгэх, дархлааны хариу урвалаас зугтах, дархлааны хариу урвалын идэвхийг бууруулах зэрэг эрсдэлийг үүсгэж байна. Монголд мөн халдварлах чадвар өндөртэй вирусийн хувилбар үүсэн тархаж байх магадлалтай.
-Иргэд мутацилагдсан хэлбэрээр өвчилсөн тохиолдолд вакцины үр дүнд сөргөөр нөлөөлөх үү?
-Одоогоор Монголд тархаад байгаа хувилбарт вакцины үр дүнд нөлөөлдөг, вакцины дараах дархлааны хариу урвалаас зугтдаг хэлбэр илрээгүй байна.
-ЭХЭМҮТ-д найман настай хүүхэд халдварын хүндрэлээр эндсэн харамсалтай мэдээлэл байна. Covid-19 халдвар суурь өвчингүй хүүхдүүдэд тархах эрсдэл хэр өндөр байна вэ?
-Сүүлийн үед насанд хүрсэн хүмүүсийн тухайд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа. Харин хүүхдүүдийн тухайд дархлаажуулалтын ажил эхлээгүй. Ингэснээр халдварын тохиолдлын дунд хүүхдийн эзлэх хувь өдөр ирэх тусам өсч байна. Хүүхэд харьцангуй шинж тэмдэг багатай балархай хэлбэрээр өвчилж байгаа. Одоогоор Монголд хүүхдийн вакцинжуулалтыг хийх эсэх нь тодорхойгүй байгаа. Дэлхий нийтэд ч хүүхдийн дархлаажуулалт мөн тулгамдсан асуудал болоод буй. 12-оос дээш насны хүүхдэд "Файзер" вакциныг хийж болохыг АНУ-ын “Хоол хүнс эмийн агентлаг” зөвшөөрөөд байна. Үүний дагуу зарим улс вакцинжуулалтад хүүхдийг хамруулж байна. Монголд ч мөн ялгаагүй "Файзер" вакцинаар хүүхдийг вакцинжуулах боломжтой.
-Тэгвэл нийт хүн амын дунд дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн хувь өндөр байна. Гэтэл яагаад халдварын тохиолдол өсч байна вэ?
-Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо их байна гэж байгаа. Энэ хувийг яаж тооцолдог вэ гэхээр нийт дархлаажуулалтад хамрагдах боломжтой буюу насанд хүрэгчдийн тоог дархлаажуулалтад хамрагдсан хүн амын тоотой харьцуулахад их харагдаж байгаа юм. Нийт хүн амын хувьд авч үзвэл үүнээс бага статистик гарах нь тодорхой. Тухайлбал, Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг. Үүнийг оролцуулж бодвол нэгдүгээр тунд 55 орчим хувь, хоёрдугаар тунд 44 хувь хамрагдсан байгаа юм.
Мөн халдвараас хамгаалсан буюу дархлаажсан иргэн гэж хэнийг хэлэх вэ гэхээр хоёрдугаар тун вакцинаа хийлгээд 14 буюу түүнээс дээш хоносон хүнийг хэлж байгаа. Одоогоор нийт хүн амын 20 гаруй хувь нь л энэ шалгуурт хүрч байна. Тиймээс дархлаажуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж байхад халдварын тохиолдол буурахгүй байна гэдэг асуудал бол өрөөсгөл юм.
-Халдварын тархалтыг бууруулахын тулд тэгвэл хөл хорионоос өөр ямар аргыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй байх боломжтой вэ?
-Хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг хумих, тохиолдлын тоог бууруулна. Үүнээс өөр арга бол иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Иргэд халдвар хамгаалалтын дүрэм журмыг сахиж, дэглэмээ баримталж, вакцины бүрэн тундаа хамрагдвал эрсдэл төдий чинээ буурах боломжтой байгаа.
-Иргэдийн зүгээс халдварын тархалт хэзээ буурах талаар тодорхой хариу авахыг хүсч байна. Эрдэмтдийн баг болоод ХӨСҮТ-ийн зүгээс хэдэн сард халдвар буурна гэсэн урьдчилсан тооцоолол хийсэн үү. Хөл хорио тогтоохгүйгээр халдварын тохиолдол буурах боломжтой юу?
-ХӨСҮТ болон эрдэмтэн судлаачдын баг вакцинжуулалт болон вакцины идэвхийг тооцоолон математик аргаар халдварын тархалтын байдлыг урьдчилан бодож гаргасан. Уг тооцооллоор долоон сараас халдварын тохиолдол буурах магадлалтай байгаа ч халдварын тархалтад маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Хөл хорионы дараа хүн амын бөөгнөрөл, хөл хөдөлгөөн нэмэгдэж халдварын тархалт ихэсч байна. Халдварын тархалтыг багасгахын тулд иргэн бүр иргэний үүргээ ухамсарлан хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах  шаардлагатай.
-Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдээс халдварын тохиолдол илэрч байна. Тиймээс иргэд вакцины гурав дахь тунг хийх эсэх талаар сонирхож байгаа юм. Энэ тал дээр ДЭМБ болон Монгол Улсад яригдаж байгаа зүйл бий юу?
-Вакцины дараа халдвараар өвчлөх тохиолдол бүртгэгдэж байна. Вакцинд хамрагдсан гэдэг нь халдвар огт авахгүй гэсэн ойлголт биш. Халдвар авсан тохиолдолд хүндрэх болон халдвар бусдад тараах эрсдэлийг багасгаж байгаа юм.
Вакцины гуравдугаар тунг хийхийг зөвлөсөн ДЭМБ зөвлөмж одоогоор байхгүй. Зарим улс орон вакцины гуравдугаар тунгийн талаар ярьж байгаа. Жишээлбэл, Бахрейн улсын хувьд 50-аас дээш насны архаг өвчтэй хүмүүсээ гуравдугаар тун вакцинд хамруулах талаар ярьж байна. Бахрейн улсын иргэдийн хувьд "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакциныг хийлгэсэн. Гэхдээ гурав дахь тунгийн хувьд "Файзер" вакциныг хийлгэнэ гэсэн судалгаатай байгаагаа мэдээлж байна. Монгол Улсын хэмжээнд гурав дахь тунгийн асуудлыг шийдвэрлэх түвшинд хэлэлцээгүй байна.
-Хэрэв Монгол Улсад гурав дахь тунгийн талаар яригдвал иргэд заавал нэг үйлдвэрийн вакцинд хамрагдах шаардлагагүй гэсэн үг үү?
-Тэр талаар яригдаагүй байна.
-Энэ сарын 16-наас хөл хорио тогтоох талаар ХӨСҮТ, ЭМЯ зүгээс яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ тухай тайлбар өгөхгүй юу?
-Хөл хорио тогтоох эсэх талаар мэдээлэл байхгүй байна.
-Covid-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст насан туршийн дархлаа тогтдог гэж үнэн үү?
-Халдвар авсан хүн хэр удаан дархлаа тогтоцтой байх нь бүрэн тодорхойгүй байна. Халдвар авсны дараах дархлаа тогтоц өвчтөний нас, халдварын хүндийн зэргээс мөн шалтгаална. Одоогоор, халдвар авсан ихэнх хүмүүс нь найман сар хүртэлх хугацаанд дархлаа тогтоцтой байна гэсэн судалгаа бий. Үүнээс удаан хугацаанд дархлаа тогтоцыг судалсан судалгаа одоогоор байхгүй. Вакцины хувьд ч хэдий хугацаанд тухайн хүнд дархлаа тогтоох, хамгаалах талаар нарийн судалгаа байхгүй.
-Халдвараар өвчилж, эдгэрсэн хүмүүс гэрийн тусгаарлалтын дэглэмийг баримтлаагүйгээс болж дам хавьтлуудын тоо олширч байна. Хэрэв эмнэлэгт хэвтээд  гарсан бол яг хэдий хугацаанд өөрийгөө тусгаарлах нь зүйтэй вэ?
-Эмнэлэгт хэвтээд эдгэрч гарч буй хүмүүсийн тухайд халдвар тараах магадлал харьцангуй багассан байдаг. Тийм болохоор эмнэлгээс гарчихаад тухайн хүн халдвар тараах эрсдэлтэй гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.
-Covid-19 вирус хүний биед бохир цус үүсгэж нийт массыг өвчлүүлдэг гэж ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр онцолсон. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит мэдээгээр Covid-19 халдварыг Монгол уламжлалт анагаах ухааны талаас тайлбарлахдаа “Цусны халуун, муу цус үүсч нийт эрхтэн системийг хамардаг” гэж ярьсныг хэлж байх шиг байна. Энэ нь мэргэжлийн шинжлэх ухааны хэллэг учир шууд энэ утгаар нь хүлээн авах боломжгүй юм.
-Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргыг Covid-19 анагаахад ашиглаж байна. Эмчилгээний аргын хувьд вирусийн онцлогт хэр тохирч байгаа вэ?
-Анх БНХАУ-д Covid-19 халдвар бүртгэгдэж, Хятад уламжлалт анагаах ухааны аргыг үр дүнтэй байна гэж мэдээлж байсан. Манай улс ч мөн адил Монгол уламжлалт анагаах ухааны аргыг хэрэглэж байна. Халдварын дараах олон эрхтэн системийн өөрчлөлт, гэмтлийг засах, нөхөн сэргээхэд ач холбогдолтой.
-Зургадугаар сард халдварын тохиолдол өсөх хандлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлсэн. Эрдэмтдийн багийн хийсэн тооцооллоос тохиолдлын тоо нэмэгдэж байна гэлээ. Цаашид ямар судалгаа, шинжилгээний ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаар хуваалцахгүй юу?
-Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдаж, хөдөлгөөн ихэссэнтэй шууд хамааралтай. Хүн бүр дор бүрнээ дэглэмээ сахиж чадвал халдварыг хумих бүрэн боломжтой.
-Халдварын мутацилагдсан хэлбэр далд хэлбэрээр нэмэгдэж байгаа үед иргэд ямар арга хэмжээг авах нь зүйтэй вэ. Иргэдэд зөвлөгөө мэдээллийг хэрхэн хүртээмжтэй хүргэх тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Вирусийн мутацид орсон хэлбэр тархаж байвал өөр төрлийн арга хэмжээ авна гэсэн зүйл байхгүй. Ижилхэн л олноороо бөөгнөрөхгүй, халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй. Халдварын хоногт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо нийт шинжилгээний тоонд эзлэх хувь нь өндөр байна. Энэ халдварын тархалт их байгааг харуулж байна. Тиймээс дахин дахин ард иргэддээ хэлэхэд, иргэн бүрийн хариуцлага халдварын тархалтыг багасгахад чухал гэдгийг хэлье.
-Мутацийг тодорхойлох тоног төхөөрөмжийн хувьд хэзээ ирэх вэ?
-Захиалга бүрэн хийж, ойрын хоногуудад багаж, төхөөрөмжүүд ирэхээр байна. Мэргэжилтнүүд маань ч бэлтгэгдээд байгаа. Мөн Япон улсаас лабораторид ажиллах эрдэмтнийг урьсан байгаа.

Эх сурвалж: NEWS.MN