"Хот өвөлд бэлэн" арга хэмжээ зохион байгуулагдлаа

2021-09-14

Хот, нийтийн аж ахуйн болон инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах төлөвлөгөөт ажлын хүрээнд “ХОТ ӨВӨЛД БЭЛЭН” өдөрлөг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллагдлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг шалгалтын хүрээнд Нийслэлийн инженерийн хангамжийн үйлчилгээний байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Тус арга хэмжээнд хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага оролцсон бөгөөд тус арга хэмжээг зохион байгуулснаар мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо туршлага солилцож, машин техник, ажлын арга, менежментээ сайжруулах ач холбогдолтой юм. Байгууллагуудын дунд идэвх санаачлагатай оролцож, өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж, хамт олноо манлайлсан шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд уралдааны дүнг ирэх долоо хоногт болох Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвөлгөөнөөр танилцуулна. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас өмнөх онуудад  арга хэмжээг нэгтгэн зохион байгуулаагүй бөгөөд энэ жил байгууллагуудын дунд халдвар хамгаалалын дэглэмийг баримтлан зохион байгууллаа.