​ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БОЛОН ОРОН СУУЦНЫ ХАЛААЛТЫГ 14-С ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

2021-09-14
2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн залгахыг "УБДС" ТӨХК-с мэдэгдлээ.Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт өгч эхлэх хугацааг есдүгээр сарын 14, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоожээ.Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгахаар болжээ.
Дулааны төв шугамд засвар, шинэчлэл хийх ажлуудыг дуусгаж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн ханган 2021 оны 9 дүгээр сарын 14-ны 20:00 цагийн байдлаар 41.2 хувьтай дулаан залгагдсан байна.
Халаалт өгөх гэж буй тул орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, тусгай зөвшөөрөл бүхий компаниуд 2021-2022 оны дулааны гэрээгээ шинэчилсэн, өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай аж.
Иргэд, оршин суугчид халаалт өгөх өдрүүдэд дулааны шугамын хаалт, тоолуур болон бусад тоноглолуудыг шалгах, гэртээ хүнтэй байж ус алдах, шугамын гарч болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Дулаан хангамжтай холбоотой мэдээлэл, лавлагааг Шуурхай 70047005 утаснаас лавлахыг зөвлөв.