Вакцинаас үүдэлтэй халдвар гэж байхгүй

2021-10-20
Вакцины III дах  тунгаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн 14-р хороонд байрлах вакцинжуулалтын цэгийг зорилоо. Өчигдөр амралтын өдөр тул хүн ихтэй байх гэж бодтол яг намайг очих үед нэг л хүн байв. Ингээд вакцинжуулалтын явц болон зарим нэг зүйлүүдийн талаар Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн дархлаалжуулалт хариуцсан эмч:   А.Батмандахаас тодрууллаа. 
-Хүмүүс вакциндаа хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?
-Сайн байна уу,  ЭМ-ийн  Сайдын  2021.08.27-ны  А/539 тушаалаар  иргэд хоёр тундаа  бүрэн хамрагдаад гурван сар болсон бол сайн дурын үндсэн дээр   Вероселл юм уу, Файзер вакцин сонголтоор хийлгэж байгаа. Мөн хоёр тун бүрэн аваад ковидоор өвчилсөн бол нэмэлт тун шаардлагагүй гэж үзэж байгаа. Нэмэлт III-тун сайн дурын үндсэн дээр гэдэг утгаар иргэдийн идэвхи сул гэж хэлж болно.
-III  тун вакцин хийлгэх гэж байгаа хүмүүс өөрийгөө өвдсөн эсэхийг заавал үзүүл­чихээд ирэх ёстой юм уу, алв эсвэл шууд хийлгэх үү?
-Гадуур өвчлөл их байна. Ер нь шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд түргэвчилсэн шинжилгээгээ өгөөд ирсэн нь найдлагатай. Хоолой ам өвдсөн, сэрвэгнэсэн, ханиалгаж байна  гэх мэт шинж тэмдэг илэрсэн үед болгоомжлох үүднээс зарим хүмүүс вакцинаа ганц нэг хоног хойшлуулж байгаа тохиолдлууд байна мөн түргэвчилсэн тестээ өөрсдөө худалдаж аваад үзүүлчихээд ирэх тохиолдлууд ч байгаа. Ер нь бол зовиур илэрсэн тохиолдолд тэрийгээ багасахаар ч юм уу, түргэвчилсэн шинжилгээгээ өгөөд өөртөө итгэлтэй болсон цагтаа  ирж хийлгэх нь зөв.
-Вакцин хийлгээд ковид тусчихлаа гэж иргэд  их ярьж байна, энэ тал дээр юу гэж хэлэх вэ?
-Ковидын халдварын нууц үе гэж байгаа, тэр нь 1-4 хоног байдаг.  Тэр хүн маань халдвар авчихаад  нууц үе дээрээ  байгаад мэдэхгүй хийлгэсэн үед  вакцины эсрэг биетийн дархлааны үйл ажиллагаа явагдах үед илэрч болно.  Үүнийгээ  л хүмүүс вакцинаас болж өвдлөө гэж үзээд байгаа. Тэгэхээс вакцинаас үүдэлтэй халдвар гэж байхгүй. 
-Дархлаажуулалтын цэгүүд ер нь хөдөө орон нутаг , өөр дүүрэг  гэж харъяалал харгалзах уу, иргэд  энийг бас сайн мэдэхгүй байна л даа
-Ер нь гуравдугаар сараас дархлаажуулалт эхэлсэн. Эхний үед вакцины хомсдолтой холбоотойгоор зөвхөн харъяа дүүргээрээ хийж  байсан. Харин тавдугаар сараас эхлээд вакцины хүрэлцээ сайжраад, үйл ажиллагаа жигдрээд ирэхээр харъяалал харгалзахгүй хийж эхэлсэн.  Хавар нэг хэсэг их очер дугаартай үед орж ирсэн хүмүүсийг аль болохоор буцаахгүйгээр дархлаажуулалт хийж байсан. Тэр хүмүүс маань бас л цаг заваа бараад л зөндөө удаан зогсож байгаа шүү дээ.  
-Танай цэгийн хувьд 12-18 насны хүүхдүүдийн вакцинд хамрагдалт ямар байгаа вэ?
- Бид 12-17 насны хүүхдүүдэд ар гэрийн асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу анкет бөглүүлэн Файзер вакцинд хамруулж байна, харин 18 насанд хүрсэн хүүхдэд өөрийнх нь хүсэлтээр вакцин хийж байна. Нийт хүүхдүүдийн хувьд хамрагдалт нэлээд сайн байгаа, таваас долдугаар сарын эхэн хүртэл их идэвхтэй байсан. Одоо хичээл сургууль эхлээд зав зай нь олдохгүй байгаа юм  уу багассан байна. Харин эхний хоёр тун вероселл вакцин  хийлгэсэн 18 нас хүрсэн хүүхдүүд өөрийн хүсэлтээр III дах тундаа хамрагдаж файзер вакцин  хийлгэх  нь их байгаа.  
-Сайн дурын үндсэн дээр гэдэг утгаараа иргэд өөрсдөө сонголтоо хийгээд вакцинаа хийлгэж байна. Ямар ямар вакцины сонголт байна вэ?
-Манай цэгийн хувьд вероселл, файзер вакциныг сонголтоор харин Спутник вакцины хувьд долдугаар сард II  тундаа хамрагдсан иргэд хугацаа нь буюу 90 хоног нь болоогүй учраас хийлгээгүй хүлээж байна. Гэхдээ  хугацаа нь болохоор нэмэлт тунд хамрагдах шаардлагатай бол хийлгэх боломжтой. 
-Аль дөрөвдүгээр сард II дах тунгаа хийлгэсэн иргэдийн хувьд бараг зургаан сар болох нь. Тэр хүмүүс одоо III дах тунгаа хийлгэж байна. Тэгэхээр энэ тунг III дах тун гэж үзэх юм уу, эсвэл I дэх тун гэж үзэх үү?
-Таны эхэнд хийлгэсэн хоёр тун вакцины чинь дархлаа ч илүү байж болно, эсвэл нэмэлтээр хийлгэж байгаа  III дах вакцины чинь дархлаа ч илүү  байж болно. Дархлаа тогтоох тест, мөн хувийн эмнэлгийн лабораториудад эсрэг биетийн шинжилгээ өгч тогтоолгож болно. Хувь хүний бие организм өөр өөр учраас эсрэг биет яаж тогтох нь таны биеийн онцлогоос шалтгаална. Вакцинууд ямар хугацаагаар үйлчилж  байна гэдэг нь гүйцэд тогтоогдоогүй  байна, дэлхийн зарим улс оронд бүүстэр буюу нэмэлт тун хийж байна. Тийм учраас иргэддээ урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс ч мөн адил  хийж байгаа. 
-Улирлын чанартай томуугийн вакцин хийгдэж байна, танайд салбарт хийлгэх боломжтой юу, заавал өрхийн эмнэлэгт хийлгэх үү?
-Манай цэг дээр одоогоор ковидын вакцин л хийгдэж байна, томуугийн вакциныг өрхийн эмнэлэгтээ хандаж хийлгэх боломжтой. Ер нь 11-ээс доош насны хүүхдүүд томуугийн вакцинаа хийлгэсэн нь зөв гэж үзэж байна. Насанд хүрэгчид ч мөн томуугийн вакцин хийлгэж болно, гэхдээ ковидын вакцин хийлгэснээс хойш  сарын дараа хийлгэх боломжтой. 
-Дархлаажуулалтын  гол цэгт ажиллаж байгаа хүний хувьд иргэдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Иргэд вакцин хийлгэчихээд 1-3 хоног гам барих , дархлаажуулалтдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Ингэснээр ковидоор өвдсөн тохиолдолд хүндрэхээс сэргийлнэ,  мөн бие махбодио эрсдэлд оруулахгүй урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ юм. Тийм учраас иргэд минь өөрийгөө болон өрөөлийг хайрлаж вакциндаа идэвхтэй хамрагдаарай л гэж хэлье дээ.   

Эх сурвалж:Монголын Мэдээ Сонин