ХОТЫН УС ХОР БОЛЖЭЭ

2019-04-11
Нийслэлчүүд цэвэр ус хэрэглэж чадаж байна уу.  Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотынхны толгойны өвчин бол агаарын бохирдол.  Үүнтэй зэрэгцэн ундны усны чанарын асуудал харанга дэлдэж, нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлж эхэллээ.  Гэр хороолол, орон сууц гээд хоёр гүүр давсан нь  ч, хотын захад амьдарч байгаа нь цэвэр усны асуудалтай нүүр тулж байна.  Ундны усны асуудал нийслэлд амьдардаг хүн бүхэнд хамаатай сэдэв.  Ундны усны асуудал жилийн дөрвөн улиралд ч хамаатай.  Гэр хорооллын ил задгай бие засах газар, бохир усны нүх, хог хаягдал, арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус  зэргээс болж хотын ус хор болсныг эрдэмтэн судлаачдын судалгаа харуулж байна.
Өнгөрөгч хоёрдугаар сард Зайсан дахь KFC түргэн хоолны салбараас цөөнгүй хүн хордсон асуудлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ундны устай холбож тайлбарлаж байсан. Тодруулбал, KFC түргэн хоолны газрын усаа авдаг гүний худгаас дээж авч шинжлэхэд нянгийн бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр, химийн үзүүлэлтээр нитритийн бохирдолтой гарсан тухай улсын байцаагчид мэдээлж байв.

Энэ талаар өмнө нь /2019.02.20/ дугаарт “Хосгүй баячуудын “хоолойд тулсан” асуудал” сурвалжлагаараа Зайсан толгой орчмын төвлөрсөн бус усны эх үүсвэртэй хотхонуудын оршин суугчид өдөр тутамдаа баталгаагүй, хатуулаг ихтэй ундны ус хэрэглэдэг талаар сурвалжилсан билээ.

Гэр хорооллын нүхэн жорлон, угаадас газрын гүний усыг бохирлож, хорт хавдраар өвчлөх гол үндэс болж байгаа талаар АНУ-ын эрдэмтэн ноён Марк Гольц анхааруулж байна.  Тэрбээр 1982 оноос эхлэн 36 жил хөрсний бохирдлыг судалсан, туршлагатай эрдэмтэн бөгөөд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочин профессороор ажиллахаар Монголд уригдан ирээд байгаа ажээ. Монголчууд ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт, нас баралтаар нэгд бичигдэж байна. Энэ бол ундны усандаа анхаарах цаг болсны дохио юм.

                                                          ГҮНИЙ ХУДГУУДЫН УС НИТРАТААР БОХИРДСОН БАЙЖЭЭ

Энэ удаагийн сурвалжлагаар Улаанбаатар хотын хөрс, гүний усан дахь бохирдлын талаар хөндлөө. Энэ чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбарын багш, доктор Б.Наранчимэгийн хийсэн судалгаа анхаарал татсан юм. Тэрбээр судалгааны ажлаараа 2010-2017 оныг хүртэл долоон жилийн хугацаанд нийслэлийн газрын гүний уснаас дээж авч, судалжээ.
                             ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбарын багш, доктор Б.Наранчимэг

Тэрбээр “Улаанбаатар хотод нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг. Нийслэлчүүд 100 хувь газар доорх усаа шууд ашигладаг учраас ундны усны аюулгүй байдал маш чухал асуудал. Тиймээс хотын нийт талбайг хамруулсан судалгаагаа анх 2010 онд эхлүүлсэн юм. Улаанбаатар хот тэр чигээрээ ундны усны бохирдолд өртөх магадлал өндөртэй бүс нутаг. Өнөөдөр бидний ундны усаа авч буй долоон эх үүсвэрүүд голынхоо хөндийд байрладаг. Гэтэл хамгийн их хөрсний бохирдолтой гэр хороолол нь өндөрлөг газарт байршдаг. Хотын хөрсний бохирдол өндрөөс нам газар руу нэвчин шингэж, ундны ус руу урсах магагдлалтай. Улаанбаатарын гэр хорооллын бүсэд байршилтай гүний худгуудын усанд агуулагдах нитратын агуулга ДЭМБ-аас зөвлөсөн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 50 мг/л бүгд давсан буюу нитратаар бохирлогдсон байсан. Уг нитратаар бохирлогдсон ус нь газар доорх усны урсгалын чиглэлээсээ хамаараад Туул гол мөн бидний ундны усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлийг дагуулж байна” гэв.

Түүний судалгаа 2018 онд олон улсын “Water” сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд судалгаанаас харвал Улаанбаатар хотын гэр хороолол орчимд нитратын агуулга хамгийн багадаа 64 мг/л, хамгийн ихдээ 304 мг/л хэмжээтэй байжээ.

                                                 ХОРДЛОГО АВСАН ХҮҮХДҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ БАЙНА

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гэдэсний халдварт өвчний тасгийн ачаалал эрс нэмэгддэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлсэн юм.
Сурвалжлах групп тус төвийн гэдэсний халдварт өвчний тасагт очиход тасгийн ачаалал харьцангуй бага байлаа. Харин уг тасагт Сингапур-Монголын хамтарсан сургуульд хоолны хордлогоор өвдсөн 44 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 4-ний оройн 22.35 минутад суулгах, бөөлжих, гэдэс өвдөх, халуурах гэсэн ижил шинж тэмдэгтэй таван хүүхэд ирж, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн байна. Тус төвийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хордлого гарсан сургууль дээр шуурхай ажиллаж, 70 сорьц авсны 30 сорьцод гэдэсний цусан суулга үүсгэгч шигелла флекснер 1А үүсгэгч илэрчээ. Одоогоор хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж.

Гэдэсний халдварт өвчний дэгдэлтийн талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Ерөнхийдөө тав, зургадугаар сараас эхлэн 10 дугаар сар хүртэл гэдэсний халдварын улиралчлал гэж үздэг. Тиймээс иргэд маань хоол хүнсээ худалдаж авахдаа сайтар анхаарч, баталгаатай газраас баталгаатай хүнсний бүтээгдэхүүн авах, зөв сувгаар зөв мэдээлэл авах, хүнсний аюулгүй байдал болон гарын ариун цэврийг тогтмол сахих хэрэгтэй. Сүүлийн үед цусан суулга өвчин нэмэгдэх хандлагатай байна. Цусан суулга өвчний үүсгэгч нь бохирдсон хоол хүнсний бүтээгдэхүүн, хөрсний бохирдол, шинж тэмдэггүй нян тээгчид тарааж байдаг. Цусан суулгалт өвчнөөр бүх насны хүн өртөж болно. Гэхдээ иргэд маань энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүнд ДЭМБ-аас гаргасан аюулгүй хоол хүнсний таван түлхүүр зөвлөмжид гараа цэвэр байлгах, болгосон болон болгоогүй хүнсийг тусад нь байлгах, хоол хүнсийг гүйцэд чанах, хоол хүнсийг зохих температурт хадгалах, аюулгүй ундны ус, түүхийг эдийг сонго гэж зөвлөсөн байдаг юм.” гэв.

                                                      “КРАНТААС ЗЭВТЭЙ, ХЛОРТОЙ УС ГАРЛАА” ГЭЖ ХАНДДАГ
Ус суваг, удирдах газрын хувьд тусгай хамгаалалттай ундны усны долоон эх үүсвэрээс ус олборлож, нийслэлчүүдийг ундны усаар хангадаг байгууллага. Нийслэлд ойролцоогоор 750 орчим  ус түгээх худаг ажилладаг. Эдгээрийн 300 орчим нь төвийн шугамд холбогдсон бөгөөд картаар усаа түгээдэг бол үлдсэн 450 орчим нь дэд бүтэцгүй зөөврөөр ундны ус түгээдэг байна.
                       Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн бактериологич, чанарын менежер О.Төмөртогтох

“Манай байгууллагын судалгаа шинжилгээний дүнгээс харахад нийслэл хотын ундны усны чанар сайн байгаа. Зарим иргэд хөрсний бохирдолтой холбоотойгоор “Хотын ундны ус ихээр бохирдож байна” гэж ярьж байгаа ч манай байгууллагын хариуцаж буй ундны ус шаардлага, олон улсын стандартад нийцэж байна. Гэр хороолол, зусланд хувийн гүний худгууд олноор гаргасан байдаг. Тэр худгуудыг манай байгууллагын харьяа худаг гэж андуурч, бохир ус хэрэглэсэн талаар мэдээлэх тохиолдол гардаг. Гэр хорооллын иргэд зөвшөөрөлгүй хувийн гүний худаг гаргачихаад тавхан метрийн цаана нүхэн жорлон ухчихдаг. Тэр нүхэн жорлонгийн бохирдол хөрсөөр нэвчиж, газрын усанд шингэснээр ундны усыг бохирдуулах өндөр магадлалтай байдаг” тухай Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн бактериологич, чанарын менежер О.Төмөртогтох ярилаа.

Тэрбээр “Мөн манай байгууллагад орон сууцны айлууд “Крантаас зэвтэй, хлортой ус гарлаа” гэж ханддаг. Бид тухайн айлд яваад очихоор ундны усны чанар олон улсын стандартын шаардлагад нийцсэн байдаг. Манайхаас ундны усыг эх үүсвэрээсээ олборлоод, станц дээрээ хлороор халдваргүйжүүлэлт хийдэг. Усыг халдваргүйжүүлснээр янз бүрийн нян бактеруудыг устгаж өгдөг. Хлортой ус хэрэглэгчдэд очиж л байвал тэр ус ямар нэгэн байдлаар гадны бохирдолгүй байна гэсэн үг. Иргэд хлор гэхээр жорлон ариутгадаг бодис юм шигээр буруу ойлгодог. Ундны усыг ариутгах хамгийн үр дүнтэй арга бол энэ. Бусад аргаар усанд халдваргүйжүүлэлт хийсэн ч эцсийн хэрэглэгчдэд эрсдэл үүсэх магадлалтай байдаг” гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ