Нүүрсийг шахмал түлшээр сольж, хохирлыг нь барагдуулна

2019-05-17
Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл Засгийн газрын энэхүү шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан байдаг. Учир нь, нийслэлчүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэх судалгаа бий.

Харин гэр хороололд нүүрс түлэхийг хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглүүлснээр утаа, агаарын бохирдол 50 хувь буурна гэж албаныхан тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 мянган тонны нөөцтэй байгаа аж. Түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээс хороо, дүүрэг авах тул хүртээмжид сөрөг зүйл гарахгүй гэж хотын захиргаа үзэж байгаа аж.

Тэд “Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь богино хугацаанд цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Үүнтэй зэрэгцэн иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг давхар хэрэгжүүлж байна” гэв.

                                              Д.МӨНХЖАРГАЛ: ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАВАН ХОРОО БИЙ 
Тэгвэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэллээ. Түүхий нүүрсийг хотод оруулж ирэхгүй байх тал дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Агаарын тухай хуулийн 15.1, 15.3-т зааснаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг боловсруулан, батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Энэхүү журмаар түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, эрх бүхий улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар хяналт тавих зохицуулалттай.  
Нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо байгаа. Мөн нэмэлтээр Морингийн даваа, Тахилтын даваа, Гүнтийн даваа болон Налайхад түүхий нүүрсний тээвэрлэлтэд хяналт, шалгалт хийх товчоог ажиллуулна. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Улаанбаатарт орж ирж байгаа туслах замуудыг камержуулах ажлыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл хотод өнөөдрөөс буюу 5 дугаар сарын 15-аас эхэлж ямар нэгэн хэлбэрээр түүхий нүүрс нэвтрүүлэх, тээвэрлэхэд бүрэн хяналт тавина.
-Гэхдээ нийслэлийн тодорхой нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглоогүй. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Засгийн газрын 62 дугаар тогтоолоор  эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг тооцож, түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгоно. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлэх боломжтой таван хороо бий.
-Аль дүүргийн ямар хороод билээ?
-Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Сонгино­хайрхан дүүргийн 21 болон Баянзүрх дүүргийн 20-р хороод орсон байгаа. Эдгээр хороодод түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Нийс­лэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас олгоно.
-Сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, нийлүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
Нийслэлийн төвийн 5 дүүрэгт 1000 тонноос дээш багтаамжтай агуулах барих ажил үргэлжилж байна. Баянгол дүүрэгт байрлах агуулахад “Тавантолгой түлш” ХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн байна.. Гэр хорооллын дунд  107 сайжруулсан түлш борлуулах цэгийн газрыг шийдэж “Тавантолгой түлш” ХК-д хүлээлгэж өгсөн. Анхныхаа түлш борлуулах цэгийг нээлтийг 5-р сарын 5-нд хийсэн.
-Сайжруулсан шахмал түлш боловс­руулах хэчнээн цэгийг нээхээр төлөвлөж байгаа вэ?
-Энэ сардаа багтаж 25 цэг нээхээр ажиллаж байна. Цаашлаад 107 сайжруулсан түлш борлуулах цэгийг 06-р сарын 30-н гэхэд байгуулж дуусгахаар Таван толгой түлш ХХК-тай хамтран ажиллаж байна.
-Иргэд, аж ахуйн нэгжийг түүхий нүүрс зарахыг хориглочихлоо. Нөөцөлсөн нүүрсээ зарж дуусаагүй газруудыг яах вэ?
-Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх нь төр засгийнхаа бодлого шийдвэрийг хүндэтгэн хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгж бүрийн үүрэг гэж бодож байна. Мөн иргэд ААН-үүддээ итгэж байна. Харин түүхий нүүрсийг нөөцөлсөн байвал яах вэ гэдэг асуудлыг салбар яамтайгаа ярилцаж байна. Хэрэв их хэмжээгээр нөөцөлсөн иргэн, аж ахуйн нэгж байвал тухайн нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр солино.

                              “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ”-ИЙНХЭН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ 1000-ААД ЦЭГТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
Тэгвэл “Тавантолгой түлш”-ын хамт олон өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг тодорхой цэгүүдэд түгээж эхэлжээ. Ингэснээр иргэд дүүрэг, хорооныхоо зөвшөөрөгдсөн цэгээс шахмал түлшийг худалдан авч, хэрэглэх боломжтой болж байгаа аж. Энэ талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Манай компани Улаанбаатар хотыг шахмал түлшээр 100 хувь хангахаар ажиллаж байна. Учир нь, хувийн аж ахуйн нэгжүүд шахмал түлшний нөөцөө хангаж амжаагүй, чадаагүй байна. Өнөөдрөөс /өчигдөр/ шахмал түлшний түгээлт эхэлж байна. Бид борлуулалтын цэгээсээ захиалга авч, түгээлтээ хийж эхэлсэн. Бид 1000-аад цэгтэй гэрээ байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Цаашлаад дэлгүүрээр борлуулах боломжийг хайж байна. Ахуйн хэрэглээнд зориулсан дөрвөн төрлийн савалгаатай нэг л төрлийн шахмал түлш үйлдвэрлэж байна” хэмээн ярилаа.
Харин төр, засгийн зүгээс сайжруулсан шахмал түлшний үнийг тогтоож өгсөн. Ингэхдээ нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулахыг хориглосон билээ. Энэ нь нэг тонн түүхий нүүрсний үнээс хямд бөгөөд иргэдийн эдийн засагт ч дарамт үүсгэхгүй гэж тооцоолж байгаа юм. Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК болон сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгж бүгд нэг тонныг нь 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулахыг тооцоолж, нөөцөө бэлтгэжээ. Ингэхдээ иргэдэд шахмал түлш худалдан авч хэрэглэхэд хялбар, сонголттой байдлыг нь харгалзан үзэж, дөрвөн төрлөөр савалж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг тонн, 600 кг, 25 кг болон задгайгаар зөвшөөрөгдсөн цэгүүдэд борлуулахад бэлэн болжээ.