ТЦА: Иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ

2019-05-22
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм анх 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр /2019.05.22/ 11.00-16.00 цагийн хооронд Их жанжин Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албанаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс иргэд, жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, жолооч бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой журмуудыг сурталчлан, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Мөн жолооны үнэмлэх хаяж үрэгдүүлсэн, гэмтээж ашиглах боломжгүй болж солиулах, хугацаа дууссан үнэмлэх сунгах захиалга хүлээн авах үйлчилгээг үзүүлж байгаа ажээ.

Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгалын холбоо, Бүртгэл хяналтын төв гэх мэт байгууллагууд оролцож, иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгч байна
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА:

Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга
Автомашины утаа хэмжигч
Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх
Төрийн бус байгууллагатай хамтран хугацаа дууссан, зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх сургалтыг зохион байгуулна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ТӨВ:

Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ:

Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
Тээврийн хэрэгслийн бүртгэл
Тээврийн хэрэгслийн лавлагаа
Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгөх

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО:

Тээврийн хэрэгслийн даатгал
Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ
                                                            
                                                      ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 2018 ОНД 45 ХҮҮХЭД АМИА АЛДСАН
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргалаас өнөөдрийн арга хэмжээний талаар тодрууллаа.

-Тээврийн цагдаагийн албанаас Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

–ТЦА-аас тавдугаар сарын 22-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 1925 оны энэ өдөр Монгол Улсад анх удаа замын хөдөлгөөний дүрмийг баталгаажуулж хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Мөн өнөөдөр “Бяцхан зорчигч” аяны нээлтийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэхтэй холбоотой бүхий л мэдээлэл үйлчилгээг үзүүлж байна. Харин авто тээврийн үндэсний төвөөс явуулын оношилгоо, лавлагаа бусад ажлуудыг явуулж буй юм.

-Зам тээврийн осолд өртөж буй нийт иргэдийн насны ангиллыг аваад үзвэл хамгийн их өртөж буй нь бага насны хүүхдүүд байдаг. “Бяцхан зорчигч” аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд ослоос өөрсдийгөө урьдчилан сэргийлэх боломж байдаггүй. 2018 оны байдлаар 1000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, 45 хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бий. Жилд дунджаар 300-500 хүүхэд осол гэмтлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж, хичээл сургуулиасаа тасалддаг. Энэ бүхний цаана хүүхдүүд эцэг эхтэйгээ гудамж, замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртдөг учраас энэхүү аяныг эхлүүлсэн.

                                                        “БЯЦХАН ЗОРЧИГЧ” АЯНЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттаас тодрууллаа.

-Өдөрлөгийн хүрээнд иргэдэд ямар үйлчилгээг үзүүлж байгаа юм бол?

-Өнөөдөр иргэдэд чиглэсэн замын хөдөлгөөний дүрмийн талаарх сургалт сурталчилгаа, жолооны үнэмлэхтэй холбоотой бүхий л үйлчилгээг нэг дор явуулж байна. Түүнчлэн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь насыг хамгаалах асуудлаар бид “Бяцхан зорчигч” аяныг нээж, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч байгаа. Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм батлагдсан өдөр өнөөдөр тохиож байна. Хоёрдугаарт, Тээврийн цагдаагийн алба нээлттэй хаалганы өдрийг эхлүүлж, авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйлчилгээг нэг дор хүргэхээр зорьж буй. Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл Ерөнхий сайдаар удирдуулж байгуулагдсан. Энэ хүрээнд 2030 оны стратеги төлөвлөгөөг баталлаа. Энд цугларсан олон хүний эрх ашиг зам дээр хамгаалагдах боломж бүрдсэн юм.

-Өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жилд дунджаар 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг болчихсон. Урьд нь бол 60-70 мянган тээврийн хэрэгсэл байдаг байсан. Тэгвэл замын нийлүүлэлт оруулж ирж буй тээврийн хэрэгслийн тоотой хэр уялдах билээ. Техник хэрэгслийг бодоод үзэхээр энэ бүхэнд таарсан зохицуулалт хэрэгтэй байх. Тэгвэл үүнд хяналт тавьж буй цагдаа нарын тоо ямар байгааг бодоод үзэхээр нөхцөл байдал хүндэвтэр байна. Гэхдээ бид зүгээр суусангүй ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа зохион байгуулах ёстой. Замуудад хийж байгаа зохицуулалт үүнтэй холбоотой юм.