Нам даралтын болон халаалтын зуухнуудын ашиглалт, үйл ажиллагааг хариуцсан 451 байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

2019-05-31


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 16-100 квт/цаг хүчин чадалтай 2397 ширхэг нам даралтын зуух, 100 квт/цаг дээш хүчин чадалтай 451 ширхэг халаалтын зуухнуудын ашиглалт, үйл ажиллагааг бодлогын түвшинд шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хариуцуулсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/147 тоот тушаалаар УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээр ахлуулж Дүүргийн засаг даргын орлогч нар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний Зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтэс, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Хот Байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтэс, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /ОНӨААТҮГ/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Монголын дулаан үйлдвэрлэл хангамжийн үндэсний холбооноос бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг өнөөдөр халаалтын зуухнуудын үйл ажиллагаа, ашиглалтыг хариуцсан эзэдтэй уулзаж харилцан санал солилцож тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтад 197 аж ахуйн нэгжийн удирдлага оролцсон бөгөөд цаашид бүх халаалтын зуухны эздийг хүлээн авч уулзах юм. Уулзалтын үеэр байгууллагуудаас судалгаа авч санал сэтгэгдлийг сонсоход дийлэнх байгууллагууд төвлөрсөн дулаанд холбогдох боломж, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт зэрэг асуудлуудыг тавьж байлаа.