"Хүхэрт устөрөгч чимээгүй тахлын хэмжээнд хүрлээ"

2019-06-06


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран “Боловсруулах үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт олон улсын сургалтыг өнөөдөр /2019.06.06/ зохион байгууллаа. Тус сургалтад хөдөлмөрийн аюулгүй байдлын 60 гаруй сургагч багш нар оролцсон юм.

НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын зөвлөх, арьс шир үйлдвэрлэлийн салбарын аюулгүй ажиллагааны эксперт Норберт Нейцвиз “Үйлдвэрт ХАБЭА-ийн стандартуудыг нэвтрүүлж мөрдсөнөөр хүний амь насыг авран хамгаалах, үйлдвэрийн амин чухал үнэт зүйл болох ажилчдыг хамгаалах, ингэснээр байгууллагын нэр хүнд имижээ хадгалах, бизнесээ илүү үр ашигтай болгох давуу талтай. Арьс шир үйлдвэрлэлийн салбарт ХАБЭА-н зохистой дадлыг нэвтрүүлэн мөрдсөнөөр тус салбарт хамааралтай химийн бодис, бэлэн бүтээгдэхүүний зэрэг бүхий л үйлдвэрлэлд асар олон тооны ажлын байр бий болгож тухайн үйлдвэрлэлийн салбар цаашид өсч хөгжих боломжтой юм. Иймээс аюулгүй ажиллагаа нь аюул осол гарсан үед л тохиолдох биш цаг үргэлж хянаж хэрэгжүүлж байх дадал юм” гэлээ.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир “Хүхэрт ус төрөгч гэж химийн нэгдэл нь чимээгүй тахлын хэмжээнд хүрсэн байна. Саяхан гарсан төв цэвэрлэх байгууламжийн ослын асуудал яг энэ хийтэй холбоотой тайлбарлагдаж байгаа. Ганцхан төв цэвэрлэх байгууламж биш бүх боловсруулах үйлдвэрт энэхүү химийн бодис ялгарч гарч байна. Өнгө үнэргүй эн хий маань аюулын түвшинд хүрчихсэн энэ үед энэ сургалт явж байгаа маань онцлог болж байна. Энэ чиглэлээр боловсруулах үйлдвэрийн багш нарыг чадваржуулж өгч байгаа нь бас нэгэн давуу юм” гэдгийг онцолсон юм. 

Монгол Улсад сүүлийн гурван жилийн байдлаар боловсруулах үйлдвэрт нийт 120 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, есөн хүн нас баржээ.
Арьс шир боловсруулахын тулд олон янзын химийн бодис ашигладаг. Химийн бодисыг зөв зохистой ашиглах нь арьс шир боловсруулах үйлдвэр дэх ХАБЭА-н гол асуудлын нэг юм.  Тус салбар нь ажлын байрыг олноор бий болгодог тул ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй. Гэвч бүтэц, зохион байгуулалт, туршлага дутмаг байдал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн олон асуудал дагуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт дутмаг, ажилчид хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаагүй, зөв зохистой ашигладаггүйн улмаас гүн хордох, амиа алдах эрсдэл дэлхийн нийтэд гарсаар байгаа гэдгийг албаныхан онцолж байлаа.

Тиймээс арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн ажлын байрны нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах, гэмтэл ослыг бууруулах, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, ХАБЭА-н сургагч багш нарыг бэлдэн аюулгүй ажиллагааны сайн туршлагыг танилцуулах, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал асуудал болоод байна.