Гэрэлт гудамжны засварын ажил

2019-06-20


Сөүлийн гудамжны дулааны шугамын засварын ажил эхлээд арав гаруй хонож. Эгнэсэн олон сандал байршуулсан хэсгийг тэр чигээр нь нурааж, дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил тус гудамжинд ид өрнөж байна.  Шугам сүлжээний ажил хийж буй талбайг тойруулан төмөр тор татаж, “Сөүлийн гудамжны 110 хос метр шугамыг хэсэгчлэн, шинэчлэх ажлыг УБДС ТӨХК-ийн захиалгаар, “Есөнталст Оргил” констракшн гүйцэтгэгч, 2019 оны зургадугаар сарын 2-ноос 27-ны хооронд хийж, гүйцэтгэж байна” гэх мэдээлэл бүхий самбар ч байршуулсан нь ч үзэгдлээ. Энэ хугацаанд гэрэлт гудамжид барьж, байршуулсан олон сандал, гадаадын жуулчдад үйлчилдэг хоёр постыг зайчилж, ажлаа эхлүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байсан талаар гүйцэтгэгч компанийн бригадын дарга М.Ганзориг хэлэв. Тэрбээр “Манай компани Сөүлийн гудамжны хэсгийн насжилт нь дуусаад олон жил болж буй шугам хоолойг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Ажлаа эхлүүлэхийн өмнө гэрэлт гудамжны сандлыг авч, гадаадын жуулчдад үйлчилдэг хоёр цэг барьчихсан байсан нь хүндрэлтэй байлаа. Энэ бүгдийг яг дулааны шугам явдаг хэсэг дээр барьсан байсан. Бид аль болох богино хугацаанд ажлаа хийхээр шахуу төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Гэрэлт гудамжны гэр бүлийн хөшөө гэхэд л шугам хоолой байршуулж, зөөхөөр юманд өртчих гээд хүндрэлтэй юм. Ерөнхийдөө зургадугаар сарын 27-нд дулааны шугамаа залгаад усаа тавих юм. Тэрнээс хойш гэрэл гудамжны талбайгаа буцааж, янзална. Уг дулааны шугамыг шинэчлэхдээ дангаараа 110 метр урт хосоороо нийлээд 220 метр шугамыг солино. Зарим хүмүүс бидний ямар ажил хийж байгааг ойлгохгүй асуухаар нь олон жил болж, насжилт нь дууссан дулааны шугам сүлжээг сольж байна гэж хэлдэг” гэв.

                                “ГЭРЭЛТ ГУДАМЖИД АНХНААСАА АМАРХАН УГСАРЧ, САЛДАГ САНДАЛ БАЙРШУУЛСАН”



Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжид хийгдэж буй 11Д магистралын 800мм-ийн голчтой 110метр хос шугамыг хэсэгчлэн солих ажлыг энэ сарын 2-нд эхлүүлсэн. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “УБДС ТӨХК”-аас их болон урсгал засвар хийх хуваарийг Хотын ерөнхий менежерээр батлуулан ажилладаг. Тус хуваарийн дагуу 11Д магистрал шугам солих ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Тус шугам нь 33 жил нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй бөгөөд ашиглалтын хугацаа бүрэн дууссан байсан.
Гэрэлт гудамжийг анх тохижуулах үеэр тус асуудлыг “УБДС ТӨХК”-тай зөвшилцөж амархан угсарч салгах боломжтойгоор сандал байршуулсан. Дулааны шугам шинэчлэх ажлыг гүйцэтгэгч байгууллага нөхөн сэргээж угсарч суурилуулах барьцаа хөрөнгийг Төрийн сангийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд байршуулсан. "Авто зам, тохижилт ногоон байгууламж сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл" олгох ажлын хэсгийн бүрэн хяналтад уг ажлыг хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.

                                  "СӨҮЛИЙН ГУДАМЖНЫ ДУЛААНЫ ШУГАМЫН НАСЖИЛТ НЬ ДУУССАН”




Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Сөүлийн гудамжны дулааны шугамын засварын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ирэх өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлд энэ зун дулааны шугамын олон урсгал засварыг хийхээр төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд “УБДС ТӨКК”-аас ээлжит урсгал засварыг хийгээд эхэлсэн. Сөүлийн гудамж буюу гэрэлт гудамжны хэсгийн дулааны шугамыг бараг 33 жил солиогүй, ашиглалтын хугацаа ьн дууссан учраас график төлөвлөгөөний дагуу шинэчлэх зөвшөөрөл өгсөн.

Нөхөн сэргээлтийн хувьд гүйцэтгэгч байгууллага нөхөн сэргээж угсарч суурилуулах барьцаа хөрөнгийг Төрийн сангийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд байршуулсан” тухай тайлбарлажээ.