Танилц: Энэ онд ашиглалтад орох замууд

2019-06-28


                                      НАЛАЙХЫН ЗАМЫГ ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд  ид өрнөж байна. Тухайлбал, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, Баянзүрхийн гүүр зэргийг нэрлэж болох юм. Ингээд Зарим бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хүргэе.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх  20.9 км авто зам засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Тус авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компани ажиллаж буй. Налайхын зам нь олон улсын стандартад нийцсэн дөрвөн  эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай болох юм.

Зам засварын ажилтай холбогдуулан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг  дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон билээ. Тухайлбал,  3.5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчиж байгаа юм.

Налайхын замыг анх 1953 онд БНХАУ-ын төмөр замын тавдугаар ангиар бариулж байжээ.  Түүнээс хойшхи жаран жилийн хугацаанд энэ зам дээр олон хүн амь нас, эрүүл мэндээ алдсан байна. Олон жилийн насжилттай, олон хүний аминд хүрсэн, энэ зам  урсгал засвар авах ямар ч боломжгүй болсон аж. Тиймээс БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барихаар болсон нь энэ юм.

Сонирхуулахад, энэхүү бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулах бөгөөд Налайх дүүргийн малчин өрхүүдийн мал, Горхи, Тэрэлжийн зэрлэг ан амьтан зам гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гардаг учраас гол зам  дагуу, амьтны нүхэн гарц барихаар төлөвлөсөн нь  онцлог аж.

                                       БАЯНЗҮРХИЙН ГҮҮРИЙГ ИРЭХ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ



Дээрх ажилтай уялдаж буй дараагийн бүтээн байгуулалт нь Баянзүрхийн дөрвөн эгнээ, 281 метр урт гүүр юм. Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлсэн. 

Мөн л БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү гүүрийг “Beijing Uni-Construction Group” компани барьж байна. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн бүтээн байгуулалт эдүгээ 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гүүрийн 60 шонг бүрэн цутгаж, эхний 159.8 метр дам нурууг барьжээ. Түүнчлэн явган хүний замын 2036 ширхэг болон үерээс хамгаалах далангийн бэхэлгээний хавтан 621 ширхэг хавтанг цутгасан байна. Гүүрийг энэ оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Энгийн гүүрийг 40-50 метр бариад нэг дам нуруу тавьж, залгадаг байна. Харин Баянзүрхийн гүүр 160 метр бариад нэг дам нуруу тавьж, дараагийн 120 метрийг залгахаараа онцлог гэдгийг нийслэлийн  удирдлагууд онцолж байсан юм. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  авто зам болон Туул гол дээрх  Баянзүрхийн шинэ гүүрийг  ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч,  хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирч,  зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангах өндөр ач холбогдолтой гэнэ.

                                         ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ 99.75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА



Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэн Монгол Улсын анхны хурдны замын ажил дуусах шатандаа оржээ. Монгол Улсын Засгийн газрын  2015 оны 309 дүгээр тогтоолоор буюу Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын барилгын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр болсон юм.  Барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Төмөр замын дөрөвдүгээр групп” компани шалгарч, 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Зам, тээврийн яамтай түлхүүр гардуулах гэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн билээ. Тус компанитай хамтран Монголын гурван компани туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажиллаж байна.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам нь 32.226 км урт, 32.5 м өргөн асфальт бетон хучилттай зорчих хэсэгтэй, 60 см зузаан, хоёр урсгал, зургаан эгнээтэй баригджээ. Анх замыг 2019 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орохоор байна хэмээж байсан ч  арваннэгдүгээр сард  хэмээн хойшилж байсан удаатай.  Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөшигийн хөндийн хурдны зам 99.75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Ерөнхийдөө барилгын ажлууд дууссан бөгөөд гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болжээ.  Сонирхуулахад, тус хурдны замын хувьд Нисэх Яармагийн уулзвараас эхлэн Хөшигийн хөндий хүртэл үргэлжлэх бөгөөд буцаж эргэлт, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой болох юм.

                  ХАЙЛААСТЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХИЙН ЗАМ ХҮРТЭЛХ  ЗАМЫГ НАЙМДУГААР САРД АШИГЛАЛТАД ӨГНӨ



Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дээрх бүтээн байгуулалтыг 2017 оны зургаадугаар сарын 20-нд “Мотор Сервис” компани эхлүүлжээ. Хатуу хучилттай, дөрвөн  эгнээ, хоёр талдаа нийт хоёр метр өргөн ногоон байгууламж,  гурван  метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам бүхий энэхүү авто замыг тавих газарт нийт 108 аж ахуйн нэгж, иргэний газар орсон байна. Үүнээс 98 нь зөвшөөрөлтэй, арван нь зөвшөөрөлгүй байжээ. Одоогоор зөвшөөрөлгүй арван газар болон 97 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлжээ.

Нийт 6.3 тэрбум төгрөг зарцуулж буй энэхүү авто замын гүйцэтгэл 85 хувьтай байгаа аж. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуваарилах гол зам болох уг ажил нь газар чөлөөлтийн асуудлаас гэрээт хугацаа хойшилж он дамжин хийгдэж байгаа юм. Ямартай ч энэ оны наймдугаар сарын 1-ны өдөр гэхэд  тус замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.