АНХААР: Аминаас үнэтэй хурд гэж үгүй

2019-07-09
ÐÐÐ¥ÐÐР: ÐÐ¼Ð¸Ð½Ð°Ð°Ñ Ò¯Ð½ÑÑÑй ÑÑÑд гÑж үгүй

Нар хур тэгширсэн зуны энэ өдрүүдэд хөдөө нутаг руу хүлгийн жолоо залах хүмүүс эрс нэмэгддэг. Үүнийг дагаад аваар ослын тоо эрс өсдөг.  Сэтгэл хөөрсөн, нийлж дарвисан, ууж идэж халамцсан хүмүүс хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барьж өөрийгөө болон өрөөл бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах цөөнгүй.  Тиймээс аюулгүй эсэн мэнд аялж, зугаалах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас үргэлж анхааруулсаар ирсэн.

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/ болон Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ хамтран   зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Яараад яах вэ дээ” аяныг эхлүүлсэн билээ.  Аяны хүрээнд замын цагдаа нар   зургадугаар сарын 21-ний өдрөөс  эхлэн  Баасан гариг бүр нийслэлээс хөдөө орон нутаг руу гардаг  постууд дээр ухуулга сурталчилгаа явуулж байна. Тус аян есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх гэнэ.

Дорноговь, Говьсүмбэр аймгийн чиглэлийн зам болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн  замд “ Яараад яах вэ дээ” гэсэн шар өнгөтэй  самбаруудыг  замд ярайтал босгожээ. Хэн бүхний анхаарлыг татах  дээрх самбаруудад хэд хэдэн тоо баримтыг дурджээ.

Тухайлбал, 2018 онд зам тээврийн ослоор 562 хүн амь насаа алдаж, 3548 хүн гэмтсэн байна. Нийт  ослын 97.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон гэх тухай уг самбарууд жолооч нар сануулж "зогсоно". 


Ингээд өнгөрсөн Ням /2019.07.07/  гаригт дээрх  чиглэлийн замд  цагдаагийн алба хаагчид, олны танил хүмүүс болон  “Монголын чопперчин ахан дүүсийн холбоо”, приус авто машин сонирхогчдын  “Монгол” авто клубийн залуучууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аяныг сурталчилсан бөгөөд үүнийг сурвалжлан хүргэж байна. Тэд жолоочдод  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг  өгч, холын замд яараад хэрэггүйг санууллаа. 

                                                Г.МЯГМАРНАРАН: БИТГИЙ ЯАРААРАЙ…



Ардын жүжигчин Г.Мягмарнаран сурталчилгаа тун идэвхтэй хийв.  Ардын жүжигчний зөвлөгөөг сонссон  жолооч нар ч анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохоо илэрхийллээ. Тэрбээр “Ялихгүй цаг хожих гэсэн адгуу бодлоос болж хувь хүн болон бусад хүнд ямар айхтар хохирол учирдгийг бид бүгд мэднэ. Хүн бүхэн машинтай болж байгаа энэ үед залуучууд   насны аагь, машины хурдандаа эрдээд давхидаг. Бид алхам тутамдаа хариуцлагагүй, дүрэм зорчиж буй жолоочтой таарч байна. Ялангуяа холын замд хурд хэтрүүлэх, гэрлээ шилжүүлэхгүй байх зэрэг их зөрчил таардаг. Харин бид өөрсдийн эрүүл сайхан амьдралын төлөө, наад захын дүрмүүдийг биелүүлж хэвшүүлэх шаардлагатай. Тиймээс өөрийн болон өрөөл бусдын  төлөө хурдаа тохируулж байхыг уриалмаар байна.  Би энэ арга хэмжээнд  нийгмийн хариуцлагын хүрээнд оролцож  байна” гэв.

                                                   АЛБАНЫ ХҮНИЙ АНХААРУУЛГА



Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал  “Осол аваар их гардаг улирал эхэлж байгаа учраас  “Яараад яах вэ дээ” аяныг эхлүүлсэн. Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн замд осол аваар их гардаг.  Зам тээврийн нийт ослын 80-90 орчим хувь нь зургаагаас есдүгээр сарын хооронд гардаг. Үүний улмаас жилд 400-500 орчим хүн нас барсан. Тиймээс орон нутгаас нийслэлийг, нийслэлээс орон нутгийг зорьж буй жолооч нарыг анхаарал болгоомжтой, хариуцлагатай, соёлтой замын хөдөлгөөнд оролцуулах үүднээс ийм аян эхлүүлсэн. 

Нийт осол аваарын 77.8 хувь нь жолоочоос шалтгаалдаг. Орон нутгийн замд гарч байгаа ослын ихэнх нь хурд хэтрүүлдэг болохоор 21 аймагт  хурд хэмжигч тавьсан. Жолоочид  орон нутгийн замд 80 км цагаас  замаас хэтрүүлэхгүй явах ёстой. Хэрэв 80-120 км цагийн хурдтай явж байгаа бол торгуулийн арга хэмжээ авдаг. Харин 120-оос дээш хурдтай явж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч байна. 

Жолоочдын хамгийн анхаарах ёстой  зүйл бол хурдаа зөв тохируулах. Тиймээс аяны хүрээнд жолооч нарт замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцох уриалга, мэдээлэл хүргэж байгаа. "Яараад яах вэ дээ” аянд маш олон иргэд, аж ахуйн нэгж, олны танил хүмүүс нэгдэж байна.  Нэг ч гэсэн хүнийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь бидний зорилго. Та гэртээ мэнд очих ёстой. Яараад яах вэ дээ” гэлээ. 

                              САЙН ЯВЖ ИРСЭН ҮҮ ГЭЖ ХЭЛДГЭЭС ХУРДАН ЯВЖ ИРСЭН ҮҮ ГЭЖ АСУУДАГГҮЙ



Дорноговь, Говьсүмбэр аймгийн чиглэлийн замд өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 100 гаруй хүн амь насаа алдсан байна. Хөдөө орон нутгаас ирж буй жолооч нар замдаа ядардаг, нойр хоолгүй давхидаг тул  анхаарал сул, осол гаргах нь цөөнгүй гэнэ.  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг чиглэлийн зам нь олон даваа  гүвээ огцом эргэлттэй учраас жолооч нарын анхаарал харьцангуй гаагүй ч өнгөрсөн жил 100-150 хүн энэ замд амь насаа алджээ. 

Ослын шалтгаан нь өнөөх л   хурд хэтрүүлэх буюу гүйцэт төрүүлэх үйлдэлтэй холбоотой болохыг замын цагдаа нар хэллээ. Жолооч зорчигчдод анзаарагдаж ажиглагдсан зүйл бол замын цагдаа харангуутаа л бүсээ зүүх. Бүсийг цагдаагийн шалгалтад биш, амь насаа хамгаалахад зориулж зүүж хэвшмээр.

Гай газар доороос гэгчээр нэг удаагийн хэнэггүй, санамсар болгоомжгүй үйлдэл насан туршийн харамсал дагуулж мэднэ.  Үнэндээ, аминаас үнэтэй хурд  гэж үгүй.  Тиймээс жолооч нараа яараад хэрэггүй. Учир нь "Сайн явж ирэв үү гэж хэлдгээс хурдан явж ирэв үү гэж асуудаггүй" шүү дээ. Өөрийгөө болон өрөөлийг эрсдэл оруулахгүйн тулд яараад яах вэ?