НОСК: Цалин, тэтгэврийн зээлтэй ч түрээсийн орон сууцанд хамрагдаж болно

2019-07-18


Нийслэлийн орон сууцны корпорацаас “Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.07.19/ мэдээлэл хийлээ. 

Цахим бүртгэл энэ долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Бүртгэл наймдугаар сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Иргэдэд түрээслүүлэх байр 49.23 мкв бүхий хоёр өрөө, 39.30 мкв бүхий хоёр өрөө, 68.59 мкв бүхий гурван өрөө байр юм. Иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах хөтөлбөр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэж буй тул гэр хорооллын иргэдийг л хамруулна гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорацаас тодотгож байна.

Түрээсийн орон сууц нь агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийгдэж байгаа тул гэр хорооллын өрхүүд л хамрагдана гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорацаас тодотголоо.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан уг асуудлыг хэлэлцэхдээ дээрх орон сууцуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулж байсан.



Өнөөдөр тус байгууллагаас мэдээлэл хийхдээ иргэдийг найман ангиллаар бүртгэж гэлээ. Түүнчлэн цалин, тэтгэврийн зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдаж болно. Тухайн иргэний орлогын байдал зээлийн төлбөрөө төлөхөөс гадна түрээсийн  төлбөрөө төлж чадах хэмжээнд байх ёстой. Тэрийгээ нотлох ёстой гэлээ.

                                                                               БИЧЛЭГ 

"Буянт-Ухаа 2" 972 өрхийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийн мэдээллийг хүргэж байна

Posted by Zindaa.mn on Thursday, July 18, 2019